БЕРЛИН. /BBC/. Герман, Польш, Бүгд Найрамдах Чех Улсад зургадугаар сард бүртгэгдсэн хамгийн халуун өдөр өнгөрсөн лхагва гарагт тохиосон бөгөөд ойрын өдрүүдэд агаарын температур улам нэмэгдэх төлөвтэй байна.

Пүрэв гарагт Франц, Швейцар зэрэг оронд агаарын температур Цельсийн 40 хэм давна. Цаг уурчид үүний шалтгааныг хойд Африкийн халуун агаар түрэн орж ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа аж. 

Францын эрх баригчид хэн нэгэн хүний амь эрсдэж болзошгүй талаар анхааруулсан байна. Тус улсад 2003 оны наймдугаар сард агаарын температур 44.1 хэмд хүрсний улмаас 14 мянга гаруй хүн нас барж байжээ. 

Европын бараг бүх оронд хэт халах үзэгдэлтэй холбогдуулан түгшүүрийн улбар шар түвшин тогтоож, орон нутгийн эрх баригчид хэрхэн сэрүүцэх талаар зөвлөж байна. Улбар шар түвшин нь түгшүүрийн хоёрдугаар буюу улааны дараах түвшин юм.

Испанийн эрх баригчид зарим бүс нутагт ойн түймэр гарах “эрсдэл өндөр” байгааг анхааруулжээ. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг