ЛОНДОН. /ТАСС/. Эзэн нь унаж татах гэж буйг урьдчилан мэдэхэд нохойг сургахаар Францын эрдэмтэд төлөвлөж байна. "The Daily Telegraphсонинд бичсэнийг үзвэл, унаж татдаг өвчтэй хүмүүсээс ер бусын үнэр ялгардаг болохыг нохой мэдэрдэг гэдгийг батлахын тулд туршилт хийсэн аж.

Туршилтад янз бүрийн хэлбэрийн унаж татах өвчтэй хүмүүс сайн дураараа оролцжээ. Ренн хотын их сургуулийн эрдэмтэд өвчин хурцдахаас өмнөх ба дараа үе, унаж татах үе, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийсэн ба тайван байдалд байх үед нь тэдний хөлснөөс дээж авчээ. Дээжийг янз бүрийн саванд хийгээд тусгай сургуулилттай нохдод үнэртүүлсэн байна. 

Өвчтөн унаж татах үед ялгардаг үнэрийг ноход мэдэрч байгааг туршилтын дүн харуулжээ. Унаж татаж байх үед нь өвчтөнөөс авсан хөлсний дээжийг ноход 67 хувьд нь алдаагүйгээр ялгаж үнэрлэсэн байна. Зарим ноход ямар ч алдаагүйгээр дээжтэй савыг олж байжээ.   

Туршилтын үр дүн нь шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой юм. Реннийн их сургуулийн профессор Амела Катала тэргүүтэй судлаачид унаж татахыг урьдаас мэдэх шинэ аргыг нээхээр ажиллаж байна. Тухайлбал, унаж татах үед ялгардаг үнэрийг мэдэрдэг тусгай багаж зохион бүтээх гэх мэт. 

Хүний цусанд сахарын хэмжээ бага байгааг ноход “үнэрлэж мэдэрдэг” болохыг Их Британийн Бристолын их сургуулийн эрдэмтэд өмнө нь туршилтаар баталсан юм. Уг туршилтын явцад, цусанд сахар хэт багасах /гипогликеми/ 4 мянган тохиолдлын 83 хувийг нь ноход цаг алдалгүй мэдэрч, эзэндээ мэдэгдэж байсан аж. Үүний зэрэгцээ зарим ноход эзэн нь унаж татахаас 60 минутын өмнөуг өвчний анхны шинж тэмдгүүдийг урьдчилан мэдэрч байжээ.  



Эх сурвалж: Монцамэ агентлаг