Сурагчийн ширээнээс оюутны амьдралд шилжиж буй залууст мэдэхгүй, ойлгохгүй олон зүйл бий. Тиймээс шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх алба хаагчид хөтчөөр ажиллаж, үеийн оюутан, залуустаа хандан хотын соёлтой иргэн байхыг уриалахын сацуу хэрэгцээт мэдээлэл агуулсан гарын авлагыг тараав. 

Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна.  Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч  багтаажээ.

Тус арга хэмжээ нь оюутан, залуус руу чиглэсэн ажлуудын нэгээхэн хэсэг бөгөөд цаашид НЗДТГ-аас энэ мэт үйл ажиллагааг олныг хийхээр төлөвлөөд байгаа юм.