Хубэй мужид коронавирусийн тархалт эхэлсэн цагаас хойш Хятад улс 42.000 эмнэлэгийн ажилтан, албан хаагчдыг тахлын эсрэг ажиллуулахаар илгээжээ.

Тэд бол энэхүү хүнд хэцүү цагийн үеийн баатрууд байсан юм. Эдгээр баатруудын тухайн цагийн агшинг буулгах нь мөн л дутахгүй аюултай даалгавар билээ.

Энэхүү сорилтыг давж чадсан гэрэл зурагчин бол Ли Гө. Тэрбээр Хятадын гэрэл зурагчдын холбооны тэргүүн, People's Daily сонины гэрэл зурагчин юм.

Энэ талаар Ли ярихдаа "Анх энэхүү үүргийг гүйцэтгэх даалгавар авахдаа бага зэрэг санаа зовсон. Би урьд өмнө нь хэзээ ч тийм их хүмүүсийн зургийг богино хугацаанд авч үзээгүй" хэмээн ярьжээ.

Тэрбээр хоёрдугаар 20-нд өөрийн багаа бүрдүүлэн Бээжингээс Хятад дахь коронавирусийн тархалтын голомт болсон Уханийг зорьж хурдны галт тэргэнд суусан байна. Тэднийг очиход эмнэлэгийн хэрэгслийн дутагдалд орсон учраас Ли амны хаалтаас өөр хамгаалалтгүйгээр өдөрт 10 цагийн турш ажиллажээ. Хэд хоногийн дараа орон нутгийн байгууллага бээлий, хэрэгслээр хангаснаар ажил нь хэвийн үргэлжилсэн байна. Тэрхүү богино хугацаанд гэрэл зургийг амжиж буулгахад бэрх учраас Хубэй мужийн 60-аад зурагчинтай гар нийлжээ.

Энэ тухайгаа Ли "Бид энэ том ажлын ард гарч чадсан" хэмээн өөртэй итгэлтэйгээр ярьж сууна. Голомтод ажиллаж байсан эмнэлэгийн ажилтнууд урт хугацаагаар ажиллаж байсан учраас маш их ядарч байгааг тэд харж байлаа. Иймээс хоёр зүйлийг анхаарах ёстой.

Үүний нэгдүгээр гэрэл зураг авах зөв цагийг сонгох, эрүүл мэндийн ажилтнууд амны хаалтаа авах үед халдвар авах эрсдэлийг бууруулах байв. Зурагчдад зураг авах 2 цаг л өгчээ. Эмнэлэгийн ажилтнууд хоолонд орохын өмнө, тасгаа орхиод ариутгалын тасаг явах хооронд юм. Ариутгалын өрөөнд орохоос өмнө эмч нар амны хаалтаа авдаг. Зураг авах хугацаа нь ердөө 1 минут...Гэрэл зурагчин Ли 20 жил мэргэжлээрээ ажилласан нэгэн.

Тэрбээр "Би ийм зүйл өмнө нь үзэж байгаагүй. Тахлын үед эмнэлэгийн ажилтнууд баатар юм. Өдөр бүр олон янзын үйл явдлыг харж, сэтгэл хөдөлж, уйлж байлаа. Бид зөвхөн зургийг нь л авахыг хүсээгүй. Харин тэдгээр баатруудыг санан дурсахын тулд тэдний дотоод хүчийг хүмүүст хүргэхийг хүссэн" хэмээн ярьжээ.

Ийнхүү тэд төслийнхөө ард гарч 42 мянган хүний зургийг авчээ. Энэ бол Хубэй мужид хүний амь аврахын төлөө ажиллаж байсан хүмүүсийн 98 хувь нь юм.

Эх сурвалж: cgtn