Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд болж байна. 

Тус чуулган нь Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, ур чадварыг сайжруулахад хэрэгцээт мэдлэг, мэдээллийг олж авах, бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах, бусад орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, суралцах зэрэг олон боломжуудыг олгох юм.

Хуралдааны нэгдүгээр хэсэгт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих санхүүжилтийн  шинэлэг шийдэл сэдвийн хүрээнд  Жижиг дунд үйлдвэр болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжүүлэх нь сэдвээр Олон улсын Санхүүгийн корпораци, Санхүүгийн зөвлөх үйлчилгээний Ази номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Рэйчел Фриймэн илтгэл танилцуулсан юм. 

Чуулганы хоёрдугаар хэсэг олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бизнесийн боломжуудыг бий болгох  сэдвийн дор  Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа бизнесийн боломжуудын талаар ярилцлаа. 

Харин хуралдааны гуравдугаар хэсэгт эмэгтэйчүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх болон цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өсөж, хөгжих арга замуудын талаар хэлэлцсэн юм.