"Лантуун дохио" төрийн бус байгууллагаас өчигдөр дахин жагсаал зохион байгууллаа.  Тэд 13 настай, таван настай, ой зургаан сартай, дөрвөн настай охид хүчирхийлэлд өртсөн аймшигт хэргийн эсрэг тэмцэж,  шат дараатай хэд хэдэн удаа жагсахаа мэдэгдээд буй. Өчигдөр 19.00-21.00 цагийн хооронд Сүхбааарын талбайд жагсан "охид айж байна", "хүчирхийлэл эр хүний зугаа биш" зэрэг үг бүхий лоозон барин "Хүчирхийллийн эсрэг нүдээ нээх"-ийг уриаллаа. Мөн тэд жагсаалын үеэр хүчирхийлэлд өртөн амиа алдагсдад зориулж, зул өргөн эмгэнэл илэрхийллээ.

Өнгөрсөн бямба гарагт жагсагчид хүчирхийллийн эсрэг өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн үг бүхий лоозонг барин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гадна жагсаж, амиа алдсан 13 настай охиныг гэр бүлээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хариу өгөхийг шаардаж, 13 настай охин амиа алдсан газар болох Дарь эх дэхь "Очир төв" хүртэл бөмбөр цохин цохин, чимээгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэн алхсан юм.