Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа.

Зургаадугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буужээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна.

Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, тус сумын 4 дүгээр багийн үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт автсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.