МАН-ын төлөөлөгчид өчигдөр Их хурлаараа намын шинэ даргаа сонголоо. Санал хураалтад оролцсон 1300 төлөөлөгчийн 63.1 хувь буюу 775 хүний саналаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын 15 дахь даргаар сонгогдлоо.

МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүхэд өмнөх дарга М.Энхболд тамгыг хүлээлгэн өгч, ажилд нь амжилт хүсч үг хэллээ. 

М.Энхболд хэлсэн үгэндээ "МАН-ыг УИХ-д 27 суудалтай сөрөг хүчин байхад би намын дарга болсон. Одоо УИХ-д 65  суудалтай эрх баригч нам болгон хүлээлгэн өгч байна. Энэ бол намын даргын хувьд миний хийсэн хамгийн том бөгөөд хамгийн товч ажлын минь тайлан юм. 2021 онд МАН-ын 100 жилийн ой тохионо. Тэр үед хийсэн зүйлтэй, дарга шиг дарга байснаараа бахархаж, МАН-ын их индер дээр ханагар зогсож байхыг намын шинэ дарга У.Хүрэлсүхдээ хүсье" хэмээв.

У.Хүрэлсүх тамгаа гардан авсны дараагаар хэлсэн үгэндээ "Агуу их түүхт МАН-ын намын эв, эеийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Яг энэ мөчөөс эхлэн УИХ дахь МАН-ын 32, 33-ын бүлэг гэдэг яриа эцэс болж байгааг зарлая" хэмээн мэдэгдлээ.

Үүний дараагаар МАН-ын даргад өрсөлдсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа У.Хүрэлсүхэд ажлын амжилт хүсч, дурсгалын зураг даруулав.