БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монгол Хятадын Бизнес форум болж байна. 2017 оны байдлаар Монгол, Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрсэн байна. Цаашлаад хоёр улсын төр засгийн тэргүүнүүд 2020 онд гэхэд гадаад худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

Монгол, Хятадын Бизнес Форумд Монголын талаас гэхэд 163 компанийн 299 төлөөлөгч оролцож байна.

Бээжин хотноо болж буй Бизнес Форумыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачлагыг Монгол Улс дэмжиж ирсэн бөгөөд энэ санаачлагад Монгол Улс хамтран ажиллах мөн төлөвлөгөө гаргаад зарим ажил биеллээ олох гэж байна. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг харьцангуй бага хугацаанд давж гарсан нь Олон Улсын Валютын Сан болон олон улстай хамтран ажилласаны үр дүн юм.

Эдийн засгийн өсөлтийг бид тасралтгүй өсгөхийн тулд Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаар Татварын багц хуульд өөрчлөлт оруулах зэрэг холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулахаар чармайн ажиллаж байна. Бид Хятад улстай хөдөө аж ахуй, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулах зэрэг салбарт нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн дэд бүтцийн буюу төмөр зам байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот байгуулах зэрэг төсөлд алсын хараатай хамтран ажиллахыг уриалж байна. Хоёр улсын харилцан хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэлээ.

Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй форумыг нээж “Монгол, Хятадын хоёр улс хамтдаа хөгжиж урагшлах ёстой. 2014 онд БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол Улсад айлчилж хоёр орны харилцаа хурдацтай хөгжижөд чухал нөлөө үзүүлсэн. БНХАУ-ын Монгол дахь хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлж байна. Үүний хүрээнд 100 мянган ажлын байраар хангаж байна.

Хоёр орны ард иргэдийн хэлхээ холбоо улам нягт бат бөх болж байна. Хоёр орны худалдаа эдийн засгийг тасралтгүй нэмэгдүүлэхээр анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн форумд хоёр орны 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах өндөр их сонирхолтой байгааг илэрхийлж байна. Хятад, Монголын худалдааны асуудлыг улам дөхөм болгож хил гаалийн нэвтрэлтийг саадгүй болгох ёстой.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  ёстой. Монгол Улсын хувьд үйлдвэржилтийн маш их эрэлт хэрэгцээ байгаа. Хятад улсын хувьд энэ чиглэлд туршлагатай бөгөөд энэ талаар олон ажил хэрэгч хамтын хөгжлийг цогцлоох боломжтой” гэв.