Герман улсын ихэнх нисэх буудлуудад коронавирусийн шинжилгээ авч байна. Энэ нь жуулчид биедээ коронавирус тээж байгаа эсэхийг шалгахад зориулагдсан. Тэдний үзэж буйгаар жуулчид коронавирус тээж ирэх ёсгүй.

Зуны амралт эхэлсэн тул маш олон хүн гадагшаа, коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн улсууд руу ч хүртэл аялж байгаа байна. Энэ талаар ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йэнс Шпан "Энэ нь маш аюултай бөгөөд тэндээ коронавирусээр өвчилчихөөд Германд ирж бусад хүнийг өвчлүүлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ч бид шинжилгээ хийх хэрэгтэй" гэжээ.

Тус улсын нисэх буудлуудад шинжилгээ авах цэгүүдийг аль хэдийн байгуулсан ба далайн эргийн боомтууд, галт тэрэгний зогсоолууд, автозамууд дээр ч шинжилгээ авах цэгүүдийг байршуулжээ. 

Одоогийн байдлаар аялагчид коронавирусийн шинжилгээ өгөх эсэхээ өөрсдөө шийдэж байгаа боловч Эрүүл мэндийн сайд болон бусад гишүүдийн хэлж буйгаар энэ нь хангалтгүй байгаа гэнэ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн коронавирусийн тохиолдол ихтэй орноос ирсэн хүн бүр шинжилгээ өгөх ёстой болжээ. Жишээлбэл, Турк эсвэл АНУ-гаас ирсэн бол заавал шинжилгээ өгөх юм байна.


Эх сурвалж: Nachrichten Leicht