Peak.mn
12 сарын 09, 2021
Голомт банк нь “М-Ойл групп” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-иудтай хамтран ажиллах гуравласан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна.
Тухайлбал, Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, “М-Ойл” групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ANPR системийг нэвтрүүлж, борлуулалт автоматжуулалтын цогц системээ гаргаж байгаа юм.
Энэ нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүх онлайн төлбөрийн хэрэгслээр тооцоогоо төлөх, технологийн шийдлээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болон шинэлэг үйлчилгээнүүдийг илүү хялбар аргаар хэрэглэгчдэдээ үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, байгууллагууд ANPR системийг нэвтрүүлснээр харилцагчид карт авч явах, сунгах, цэнэглэх, пин код цээжлэх, олон төрлийн аппликэйшн ашиглах зэрэг уламжлалт арга шаардлагагүй болж байна.
Мөн тухайн байгууллагууд ямар дугаартай машинд хэдэн төгрөгийн шатахуун олгосон зэргээр хэрэглээгээ хянах боломжийг уг систем бүрдүүлж, тулгамддаг гол асуудлыг шийдэж буйгаараа онцлог. Мөн “Гэрэгэ системс”-ийн программ хангамжийг ашиглан шатахуун зээлийн үйлчилгээ, нэгж авах, торгууль төлөх болон даатгалаа хийлгэх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.
Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шилжилтийг нэвтрүүлж, харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа энэ чиглэлээр нэгдэн ажиллах зорилт тавин ажиллаж буй юм.