Хэдий Монгол Улсын баруун хязгаар, хамгийн алслагдсан аймаг ч гэлээ иргэдээ гэсэн чин сэтгэл байвал хөрөнгө оруулалт татаж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж болдог гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тодорхой харууллаа. Ялангуяа, нийгмийн хамгийн чухал салбар болох эрүүл мэнд, боловсрол, соёл урлагт зориулсан хөрөнгө оруулалт Говь-Алтай аймагт өнгөрсөн дөрвөн жилд хоёр дахин нэмэгдсэн гэдгийг энд онцолмоор байна. Яагаад гэвэл энэ салбаруудад зориулсан нэг төгрөг бүр эргээд иргэд, хүүхэд залууст очиж наалддаг, маш том хөрөнгө оруулалт болж чаддаг билээ. a


Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын дүн 318 ТЭРБУМ төгрөгт хүрэв

318 тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Нэг их наяд төгрөгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг гадаад, дотоодоос татаж, Говь-Алтайчуудынхаа төлөө зарцуулсан нь тойрогтоо хийх шаардлагатай ажлуудыг зөв эрэмбэлсний үр дүн. Зарим хөрөнгө оруулалтаас энд онцолъё. 2017 оны улсын төсөвт Говь-Алтай аймагт хийхээр төлөвлөгдсөн 12 төсөл, арга хэмжээний ес нь 3-9 жил царцсан барилгууд байв. Өөрөөр хэлбэл, суурь нь тавигдсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас олон жил царцсан барилгын ажлуудыг цэгцэлж дуусгахыг Ш.Раднаасэд гишүүн зорьсон хэрэг. Ингэснээр олон жил хүлээлт үүсгээд байсан ажлуудыг нэг талдаа цэгцэлж, нөгөө талдаа төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, үр дүнд хүргэсэн ач холбогдолтой шийдэл энэ байлаа. 


Говь-Алтай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдсэнийг харвал,

  • 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 1 тэрбум төгрөг байсан бол 
  • 2017 онд 8.5 тэрбум
  • 2020 онд 79.8 тэрбум төгрөгт хүрчээ. 

Өөрөөр хэлбэл, өнгөрч буй дөрвөн жилийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг 2012-2016 оныхтой харьцуулбал 20-30 дахин нэмэгдсэн дүнтэй байгааг дээрх тоонууд харуулж байна.

Эндээс иргэдийн өдөр тутмын амьдралд маш том өөрчлөлт авчрах ажил нь “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл. Говь-Алтай аймгийн иргэд газар зүйн байршлаасаа шалтгаалаад усны асуудалтай амьдарсаар ирсэн. Тэгвэл “Тайшир Алтай” төслийг гацаанаас гаргаж, энэ хавар дуусаж байгаа бөгөөд Алтайчууд чанарын шаардлага хангасан цэвэр устай болох баярт мөч ийнхүү хаяанд ирлээ. Энэ бол түүхэн үйл явдал билээ. 

Дараагийн нэг онцлох ажил бол Баянхонгор-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто зам. Замын ажил одоогоор 60 хувьтай байна. Тайширын УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВт-ын шугам, дэд станц, таван сумын эрчим хүчний 0.4-ийн шугамын өргөтгөлийн ажил ч эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд гурван сумын гурван багийг эрчим хүчинд холбоод байгаа бол найман сумын 11 багт үүрэн телефоны сүлжээ, долоон суманд интернэт, таван суманд шилэн кабель тавигдаж, харилцаа холбооны хувьд өмнө байгаагүй томоохон ахиц дэвшил гарлаа.


10 сумын хэсгийн төлөөлөгч шинэ унаатай болсноор нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмэр оруулж байна. Түүнээс гадна 18 сумын 78 багийн Засаг дарга нарыг унаатай, 87 багийн Засаг даргыг нөүтбүүктэй болгож, ЗДТГ-ын албан хэрэгцээнд 16 автомашин олгосон эргээд төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах нэг дэмжлэг болсон юм. 


Өнгөрсөн хугацаанд зөвхөн дэд бүтэц, хөрөнгө оруулалтаас гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ч мөн анхаарч ажилласныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ зорилтын хүрээнд 14 суманд “Жишиг гудамж” төсөл, 13 суманд “Нэг сум-Нэг үйлдвэр”, 9 суманд 482 толгой мал бүхий “Сарлагжуулах төсөл” амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр ч үр дүнгээ өгсөөр байна. Мөн 18 сумын тариаланчдад япон сармисны үр олгосон нь арвин ургац өглөө. 


Ийнхүү Говь-Алтай аймагт сүүлийн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн гадаад, дотоодын төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт мөнгөөр дүнгээрээ 318 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 


Ш.Раднаасэд гишүүний баримталсан гол зарчим нь тойргийнхоо ард иргэдэд боловсролыг түгээх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох байж ирсэн. Тийм ч учраас боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн гэдгийг дахин онцолмоор байна. Энэ хөрөнгө оруулалт ирээдүйд хэдэн зуун их наядаар хэмжигдэх өгөөжийг өгч байгаа гэдэг утгаараа Алтайчууд нь баяртай байна. 


Харин цаашид ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой, тогтвортой амьдралтай болгож, өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалтын үр шимийг ард иргэдийн амьдрал ахуйд наалдацтай болгох, бодит орлогыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал зорилт болж байна.