УИХ-ын хаврын ээлжит чуулган анх удаа цахимаар нээлтээ хийлээ.  

УИХ-ын дарга Г.Занданшатар:

"Дэлхий дахинд, тэр дундаа Монгол Улсад шинэ короновирусийн цар тахал илэрсэн учир УИХ-ын үйл ажиллагаа дэгээрээ явагдах боломжгүй болж анх удаа цахимаар нээлтээ хийж байна. Өнөөдөр 2 сая гаруй хүн шинэ короновирусийн халдвар авч, 70 гаруй мянган хүн амь насаа алдаад байна. Монгол Улсын төр засгаас оновчтой шуурхай шийдвэр гаргаж ажиллаж шинэ короновирусээс сэргийллээ. Ард иргэд ч иргэний үүргээ сайтар гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье. Үүний үр дүнд Монголд шинэ короновирусийн халдвар тархаагүй илэрсэн тохиолдол нь зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол юм. Эдгээр тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж эхнээсээ эдгэж, орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна. Халдварын эрсдэлтэй үед амь насаа үл хайрлаж эмчийн үүргээ гүйцэтгэж буй ХӨСҮТ болон тусгаарлалтын байранд ажиллаж буй эмч сувилагч нартаа талархал илэрхийлье. Сая ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяртай утсаар ярьсан. Та амрахгүй юм у гэхэд "Би гэрээсээ зөвшөөрлөө авсан. Хүмүүсээ эдгээж байж гарна даа. Харин эмнэлэгт анхаарлаа хандуулахыг хүсэж байна" гэхийг сонсоод бахархан хүндэтгэж байлаа.  Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү, УОК зэрэг төрийн тусгай албан хаагч нартаа гүн хүндэтгэл илэрхийлье. Та бүхэнд хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүд гүнээ хүндэтгэл илэрхийлж байгаа хүлээн авна уу"