“Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, төлөөлөгчдөө,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

НҮБ-ын дээд чуулга уулзалтаас “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг 2015 онд батлан гаргаж, эдгээр зорилтуудыг улс орнууд дэмжин тус тусын “Үндэсний хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулан гаргасан. УИХ-аас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт”-ыг тодорхойлж, батлан гаргаснаас хойш хоёр жил өнгөрч байна.

Энэ зорилт нь манай улсын  хөгжлийн олон талын зорилтыг багтаасан нэн чухал бодлогын баримт бичиг болсон. Хэрхэн хэрэгжүүлэх, эрчимжүүлэх талаар УИХ, Засгийн газраас удаа дараагийн тогтоол, шийдвэр ч гаргасан. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд”үндэсний чуулганыг 2016 онд зохион байгуулж, хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо саяхан хуралдаанаа хийж “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсож, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэж байна.

УИХ-аас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлан гаргаснаас хойш өнгөрсөн жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсаар байна.

Бид улс орны өмнө тулгараад байсан эдийн засгийн хүндрэлийг зогсоож даван туулж чадлаа. Эдийн засаг сэргэж, гадаад худалдааны эргэлт хурдацтай нэмэгдэн, бүх салбарт ахиц гарч эхэлж байна. Хүндрэлийг харьцангуй богино хугацаанд даван туулахад Монгол Улстай хамтран ажиллаж байгаа гадаад түншүүдийн хувь нэмэр ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэе.

Бодит салбарт сэргэлт гарч, мөнгөний урсгал сайжрахын хэрээр ажлын байр, иргэдийн цалин хөлс, бодит орлого аажмаар нэмэгдэж байна. Тухайлбал:

1.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2016 оны эхний 5 сарын байдлаар 33,7 мянга байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар 24 мянга болж даруй 40 хувиар буурсан.

2.  Дундаж цалин 2016 оны  I улиралд 871 мянган төгрөг байсан бол 2018 оны 1-р улиралд 998 мянган төгрөгт хүрч 14,5 хувиар нэмэгдлээ.

3.  Өрхийн төсөв 2016 оны I улирлын байдлаар сард 114,5 мянган төгрөгийн алдагдалтай байсан бол өнөөдөр 28 мянган төгрөгт хүрч, алдагдал нь 4 дахин буурлаа. Өрхийн бодит орлого нэмэгдэж байна. Энэ хандлага хэвээр үргэлжилбэл айл өрхүүд орсон орлогоороо зарлагаа бүрэн нөхөж, иргэд өр зээлгүй амьдрах нөхцөл боломж ойртож байна.

Улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирч тогтворжих нь урт хугацааны бодлого, зорилтууд, үүний дотор “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах макро эдийн засгийн таатай нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.

Төсвийн орлогын бүрдэлт сайжирч, төсвийн алдагдал буурснаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, салбар бүрт тавигдсан зорилтыг цаг хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

“Тогтвортой хөгжлийн зорилтууд”-аас боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим зорилтын хэрэгжилт ахицтай, дэвшилтэй байгаа бол байгаль орчны болон ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай  байна.

“Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтууд”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах болно. Бид зөвхөн дотоодын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учир хувийн хэвшил, гадаад зээл, тусламж, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгийн олон талын эх үүсвэрийг зохистой, үр бүтээлтэй, оновчтой ашиглах шаардлагатай.

Монгол Улс ирэх онд НҮБ-ын Дээд түвшний улс төрийн форумд Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн талаарх үндэсний тайлангаа танилцуулна.

Тайланг боловсруулах ажлыг одооноос эхэлж, зорилтуудаа хэрэгжүүлэх талаар гарсан ахиц амжилт, тулгарч байгаа саад бэрхшээл, эрсдэлүүдийг бүрэн багтаах ёстой.

Бид зорилтуудаа амжилттай хэрэгжүүлснээр даян дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Дэлхийн бусад улс орны туршлага, НҮБ-ийн тайлан,  зөвлөмжүүдээс үзвэл “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах хэдэн зүйлд анхаарах шаардлагатай байна. Үүнд:

·  “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаарх мэдлэг ойлголтыг бүх түвшинд сайжруулах,

·  Зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын чадавхыг сайжруулах, шаардлагатай, бүхий л боломжтой хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой ашиглах,

·  Хэрэгжүүлэх явцад хийх мониторинг үнэлгээний тогтолцоог сайжруулж, зорилт үзүүлэлт тус бүрийг хариуцах эзэнтэй болгох,

·  Хэрэгжилт нь тааруу, хоцролттой байгаа тодорхой зорилтуудад хүч анхаарлаа төвлөрүүлэн, тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг тухай бүрт нь арилгаж, эрчимжүүлэх,

·  Зарим салбарт технологийн дэвшил, өөрчлөлт хийх замаар тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх, тухайлбал агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд зөвхөн хөрөнгө мөнгө зарцуулах бус технологийн шинэчлэл, өөрчлөлтийг хийснээр үр дүнд хүрэх боломжтой юм.

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-аа амжилттай хэрэгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг сайжруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ форумын үр дүнд гарах санал, зөвлөмж нь бидний цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.