Коронавирусийн халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт нийт 32 хүнээс коронавирус илэрч, Монголд бүртгэгдсэн нийт тохиолдол 3032 болжээ. Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд эрүүл мэндийн байгууллагын нийт 11.120 ажилтныг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд вакцины дараах түгээмэл хариу урвал илэрч байна. Тухайлбал толгой өвдөх, халуурах, тарьсан хэсэгт өвдөх, хавдах, хөндүүрлэх, бие арзайх зэрэг шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд үргэлжилж байна. Ноцтой урвал, хүндрэл мэдээлэгдээгүй.

Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг Дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэн нэгдсэн сан үүсгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг систем нь e-mongolia.mn төрийн нэгдсэн системтэй холбогдсон бөгөөд иргэд вакцинд хамрагдсан тухай гэрчилгээгээ e-mongolia.mn системээс хэвлэж авах нөхцөлийг бүрдүүлсэн. Вакцинжуулах ажил хэвийн үргэлжилж байна" хэмээлээ.