МАНАН дэглэмийн эсрэг эсэргүүцлийн цуглаан 12.30 цагийн орчимд Төв талбайд эхэллээ.

Жагсагчид шударга ёсны төлөө, МАНАН бүлэглэлийн толгойлогч, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардлаа. Тэд хэрэв албан тушаалаа өгөөгүй цагт Сүхбаатарын талбайгаас явахгүй гээд, М.Энхболдыг Төрийн ордноос гарч ирэн жагсагчидтай уулзахыг шаардсаар байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

"Жагсаал ойролцоогоор 2-3 цаг үргэлжлэх байх. Үүний дараа суулт, өлсгөлөнгөөр үргэлжилнэ. Бид МАНАН-гийн дэглэмийг нуран унатал тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Хөдөө орон нутгаас 300 гаруй хүн суулт хийхээр ирчихээд байна. Эдгээр хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулна. УИХ-ын гишүүд бас тэдэнтэй нэгдэнэ. Одоогийн байдлаар таван гишүүн суулт хийнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

М.Энхболд хуулийн дагуу л албан тушаалаа өгнө гэж хэлсэн. Гэтэл Үндсэн хуулийн 3,1-нд  "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гээд заачихсан шүү дээ. Ард түмэн хуулийнхаа дагуу түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.