УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 12.8 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл өчигдрөөс цахим сүлжээгээр цацагдаж эхлээд буй юм.

Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн цахим хуудаснаа "Гүтгэхээ боль" хэмээн нийтлэжээ.

Тэрээр "Гүтгэхээ боль. Чацаргана төслөөр намайг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 12,8 тэрбум төгрөг авсан гэж бичиж, ярьж байна. Чацаргана төсөл Булган аймгийн ИТХ-аар орж батлуулаад орон нутгийн төсвөөс санхүүжигдсэн гэдгийг бүгд мэднэ. ЖДҮ-тэй ямар ч хамаагүй.

Би Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Тойргийнхоо ард иргэдийнхээ санал бодлыг тээж тэдэндээ тусалж дэмжих үүрэгтэй хүн. Сонгуулиар ЖДҮ-ийг хөгжүүлнэ дэмжинэ гэж ярьж явсан. Түүнийгээ ч биелүүлэхийн тулд бараг сонгуулийн маргаашаас ЖДҮ-ийн талаар хөөцөлдөж эхэлсэн. Иргэдээс олон ч төсөл авсан. Даан ч тэр болгоныг ажил болгож санхүүжүүлж чадсангүй. Олон төсөл дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн яаманд явуулсан. Тэр бүрд бүтэлгүй хариу авсан. Одоо намайг төсөл санхүүжүүлэх хүсэлт явуулсан гэж ТВ-ээр яллаж байна. Явуулсан төслийг ядаж санхүүжүүлчихсэн байгаад ингэж яриач. Ер нь тэгээд ард иргэдийн төлөө гишүүд энэ бусыг хийх ёстой шүү. Тэдэнд туслаж дэмжих үүрэгтэй. Би ЖДҮ-ийн сангаас өөртөө ах дүү нартаа төсөл гуйгаагүй. Нэг ч гэсэн иргэний амьдрал дээшлэг, нэг ч гэсэн ААН хөл дээрээ босог гэж хүсэлтийг нь дамжуулдаг. Цаашдаа ч дамжуулах л болно. Гүтгэлэг арай дэндэж байна" хэмээн бичжээ.