УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй шаардлагаа албан ёсоор бичгээр хүргүүлж буйгаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Улс төр дэх МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. Мөн шударга ёс тогтож, Монголчуудын амьдрал сайжрахгүй гэдгийг бид ойлгосон. Тиймээс өнөөдөр улс төрийн МАНАН-гийн эсрэг Монгол түмэн нам харгалзахгүй тэмцлийг зохион байгуулж байна. Биднийг дэмжиж буй иргэддээ талархаж байна. М.Энхболд гэдэг хүн Ц.Элбэгдоржтой хамтарч Монголын улс төрд МАНАН-г бий болгосон. Монголын улс төрийг мафийн системээр удирдаж, шударга ёсны хонгилыг бий болгож, олон мянган бизнес эрхлэгчдийн дээрэмдэн тонож, олон зуун хууль бус үйлдэл, хулгай луйврыг зохион байгуулсан хүн гэдгийг өнөөдөр Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Улс төр дэх энэ МАНАН-г нураана. Үүнийг нураахын тулд УИХ-ын 38 гишүүн өнөөдөр гарын үсгээ зурлаа. Бид МАНАН бүлэглэлийн толгойлогчоор удирдуулахгүй гэдэгт санал нэгдэж гарын үсэг зурлаа. 

МАНАН-гийн толгойлогч огцрохгүй бол яах юм бэ гэж иргэд харж байгаа. Энэ хүн маргаашийн дотор огцрохгүй бол бид иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч бүх ард түмний эсэргүүцэлд шилжинэ. Парламентын ёсоор УИХ-ын даргыг огцруулж чадахгүй бол ард түмэнтэйгээ нийлж өрөөнөөс нь чирж гаргана. МАНАН-гийн эсрэг тэмцэл улам эрчимжиж байна" хэмээлээ.