УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ж.Батзандан “Цензуртай” байгууллагын дарга “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд өглөө. Ж.Батзандангийн нэг ах Болгар руу 5 сая ам.доллар шилжүүлсэн гэж ярьсан. Миний ах гарын үсэг зурж, Болгар руу 5 сая ам.доллар шилжүүлсэн гэрээ байгаа эсэхийг би өчигдөр бүтэн өдөр хайлгалаа, алга. Тэр ажилд миний ах огт оролцоогүй байна, холбогдох бичиг баримтыг би ил гаргана. Өнгөрсөн жил Эрдэнэтийн 49 хувийн асуудал сөхөгдөх үед Б.Хурц ордноор сандран гүйж, “Та дуугүй болооч” гэж ятгаад дийлэхгүй болохоороо миний ахыг Болгар руу мөнгө шилжүүлсэн гэсэн асуудлаар АТГ дээр дуудуулж, бүтэн өдөр суулгасан гэдгийг би өчигдөр мэдлээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн дуу хоолойг хорих зорилгоор ийм ажил зохион байгуулсан байгаа юм. Миний бас нэг ах 1990-ээд оны үед Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан. Тэр ахыг маань цагдаагаас нэг өрөө байр дээрэмдэж авсан гэж Б.Хурц ярьсан. Энэ талаар би цагдаагийн байгууллагаас тодрууллаа, тийм хэрэг огт бүртгэгдээгүй байна" хэмээн мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Ж:Батзанданг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон явдлыг та бүхэн өөр өөрөөр тайлбралаад байх юм, яг юу болсон юм бэ?

-Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон үйл явдлын талаар олон нийтэд худал мэдээлэл цацаж байна. Би хуульч мэргэжилтэй хүн, миний амнаас “ална, тална” гэдэг үг хэзээ ч гарахгүй. Үүнийг Д.Эрдэнэбат, Л.Болд хоёр мэдэж байгаа. Гэтэл “Батзандан намайг ална гэхээр нь л би зөрүүлээд ална гээд хэлчихсэн шүү дээ” гээд хөөрхөн цагаан нүдний шил гаргаж ирээд, хар цүнх барьчихаад жүжиг тавьж байна. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэсэн эрүүгийн зүйл ангийн дагуу би Б.Хурцыг цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. 

Харин Д.Эрдэнэбат дарга өрөөндөө юу ярьсан бэ гэдгийг би хэлье. Тэр намайг Б.Хурцтай эвлэрэхийг шаардсан. Б.Хурц 2020 онд АН-аас нэр дэвшинэ гэдгийг ч хэлсэн. Би зөрүүлээд Б.Хурцаас нэг л зүйл хүссэн. “Гэмт хэргийн шинжтэй нууцалсан материалуудаа ил болго. Шантаажлах зорилгоор өөртөө хадгалахаа боль” гэсэн.  Сандал дээр сууж байсан болохоор нь би нөхрийн ёсоор гуян дээр нь гараа тавьж мэндэлсэн. Ийм л юм болсон. Д.Эрдэнэбат намайг Б.Хурцтай эвлэрүүлэх гэж, Б.Хурцыг  2020 онд АН-аас нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэж энэ бүхнийг зохион байгуулсан байсан. Дараа нь Д.Эрдэнэбат, Б.Хурц хоёр цагдаад өгөх мэдүүлгээ нэгтгэсэн байгаа юм. Л.Болд гишүүн өнөөдрийн сонинд ярилцлага өгсөн байна. Энэ ярилцлагаар Д.Эрдэнэбатын жинхэнэ хүсэл зорилгыг илчилсэн байна билээ. Ер нь Д.Эрдэнэбат бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх цаг болсон. Энэ хүн Б.Хурц болон түүний бүлэглэлд үйлчилсээр байх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй. 

-Б.Хурц таныг Ц.Нямдоржийн өмнөөс яриад байна гээд байгаа шүү дээ?

-УИХ 76 гишүүнтэй. Энэ 76 хүнээс Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан гурав л муу хүн, бусад 73 нь шударга, сайн хүн байгаа гэсэн утгатай юм ярьсан. Бас Ц.Нямдорж турхирч байна гэж ярьж байна билээ. Ц.Нямдоржтой би нэгдүгээрт, Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу бүх ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэдэг дээр нэг байр суурьтай байгаа. Б.Хурц Эрдэнэтийг Худалдаа хөгжлийн банкны мэдэлд шижлүүлэхэд оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Төрийн хүн албаны чиг үүргээс өөрөөр хувийн компанид үйлчилж болдоггүй юм. Энэ бол эрх мэдлээ хэтрүүлэх болон урвуулсан гэмт хэрэг юм. Түүнчлэн “Монросцветмэт”-ийн мэдэлд байсан Асгатын мөнгөний орд болон бусад хориод орд Худалдаа хөгжлийн банкны мэдэлд шилжсэн. Энэ асуудлыг ч бас эргэж харах ёстой. 

-Эрдэнэтийг өөр улсад алдахгүйн тулд, Монгол Улсын эрх ашгийн төлөө оросуудтай уулзсан гэж Б.Хурц тайлбарласан. Энэ талаар?

-Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг ТЕГ-ын дарга хүн нэн тэргүүнд ҮАБЗ болон УИХ, Засгийн газарт мэдээлэх ёстой.  Гэтэл Эрдэнэтийн 49 хувийг монголын Засгийн газар, монголын ард түмэн давуу эрхээр авах эрхийг нь хааж, нэг компанийн мэдэлд өгөх хуйвалдаанд биечлэн оролцсон нь буруу. 

-Та цаашид ямар алхам хийх вэ?

-Би хэд хэдэн зүйл шаардаж байгаа. 

Нэгдүгээрт, Дамирангийн Энхбатыг хууль бусаар хулгайлан авчирж, хилс хэрэгт гүтгэн хорьсон. Тэр хүн суллагдсаныхаа дараа удалгүй нас барсан. Түүний гэр бүл “Тагнуулын байгууллага уучлал гуйгаач ээ, монголын төр хүний амь нас хохироочихоод нөхөн төлбөр өгөөч ээ” гэсэн хүсэлтийг удаа дараалан тавьж ирсэн. Үүнийг шийдэх ёстой. 

Хоёрдугаарт, Эрдэнэт болон Асгатын мөнгөний ордын асуудлыг нэг тийш шийдэгдтэл хүлээгээч ээ гэсэн шаардлага тавьж байгаа. 

Гуравдугаарт, С.Зориг агсны хэргийн захиалагчийг ил тод болгож өгөөч гэсэн хүсэлтээ Хуульзүйн сайд Засгийн газарт өгчихсөн байгаа. Засгийн газарт оруулсан асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ агуулгаар нь би 14 хоног гэж хэлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэх гурван хүн захиалгат аллага гэсэн зүйл ангиар ял авчихсан байгаа, тэд “монголын төр, ард түмэнд үнэнийг хэлье” гэж байна, тэдний үгийг сонсох хэрэгтэй. 

Дөрөвдүгээрт, МИАТ компаниар Б.Хурцын эхнэр өчнөөн жил ачаа бараагаа үнэгүй тээвэрлүүлсэн. МИАТ-ын дарга нь Б.Хурцын хүн. МИАТ дампуурлын ирмэгт байна. Улаанбаатараас Сөүл зорчих МИАТ-ийн үнэ олон улсын жишигтэй харьцуулахад маш өндөр байна. Түүнчлэн татварын байцаагч байсан Д.Энхбат, ТЕГ-ын ажилтан байсан Д.Цогтбаатар нарын “хилсээр ялласан” гэсэн өргөдлүүд байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарт холбогдох бичлэг, У.Хүрэлсүх, Б.Баатар нарын утасны ярианы бичлэг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдсэн байдаг гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй олон асуудал байна. 

Эдгээр асуудалд холбогдох хүмүүсийн үгийг "Томилгооны сонсгол"-оор сонсож, хуулийн байгууллагууд шалгаж, эцэслэх хэрэгтэй байна. Ямар ч байсан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхийг дэмжиж буй гишүүдийн тоо эрс өсөж байна. АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргасан.