ОТТАВА. /АР/. БНХАУ-аас Канадад суугаа Элчин сайд Лу Шае энэ сарын сүүлээр Оттаваг орхин, нутаг буцна гэж телевизийн "CTV" суваг мэдээлжээ.


Тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Франц улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамыг тэргүүлэх аж. Оттава дахь Хятадын Элчин сайдын яам энэ мэдээллийг одоогоор нотлоогүй боловч няцаагаагүй байна.


2018 оны 12 дугаар сарын эхээр Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилсантай холбоотойгоор Оттава болон Бээжингийн хооронд дипломат маргаан үүссэн юм. Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд баривчилсан билээ. Түүнийг АНУ-ын Нью-Йорк хотын Дорнод тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу баривчилжээ. Мэн Ваньжоуг Ираны эсрэг авсан АНУ-ын худалдааны хоригийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна. Канадын шүүх түүнийг 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрчээ. 


Удалгүй Хятадын эрх баригчид Канадын дипломат ажилтан асан, “Олон улсын хямралын бүлэг” төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг баривчилсан бол дараа нь Канадын иргэн Майкл Спэйворыг баривчилсан тухай мэдээлсэн юм. Майкл Спэйвор нь БНАСАУ-д аялуулж, энэ улсад хоккейн тэмцээн зохион байгуулдаг “Paektu Cultural Exchange” олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн аж. Канадын иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ. Ковриг, Спэйвор нарыг тавдугаар сард гэрийн хорионд оруулсан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг