ТОКИО. /Koydo/.  Франц-Японы автомашин үйлдвэрлэлийн “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн захирлуудын зөвлөлөөс хасжээ. Ийм шийдвэрийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үеэр гаргасан байна. 

Санхүүгийн залилан хийсэн хэрэгт буруутгагдсан Гоноос гадна түүний ойрын хамтран зүтгэгчдийн нэг болох Грег Келлиг “Nissan”-ий захирлуудын зөвлөлөөс хасжээ. Үүний сацуу, хувьцаа эзэмшигчид “Renault” компанийн шинэ ерөнхийлөгч Жан-Доминик Сенарыг “Nissan”-ий захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулжээ.

“Удирдлагад асуудал байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэж “Nissan” компанийн ерөнхий захирал Хирото Саикава хурлын дараа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, зөвлөлөөс хөөгдсөнтэй холбоотойгоор Гон ямар нэг мөнгөн нөхөн төлбөр авахгүй аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг