“Renault - Nissan – Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг батлан даалтаар суллах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг Токио хотын тойргийн шүүх дахин цуцалжээ. Энэ тухай телевизийн“NHK” суваг мэдээлсэн байна.

Батлан даалтаар суллагдах хүсэлт дахин цуцлагдсанаар К.Гоны саатуулагдах хугацаа сунгагдах ёстой юм. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-ноос хойш хоригдож байгаа юм.

К.Гоныг батлан даалтаар суллах тухай хүсэлтийг өмгөөлөгчид нь энэ сарын 18-нд гурав дахь удаагаа өгчээ. К.Гон батлан даалтаар суллагдвал гэрчүүдэд нөлөөлж, хилийн чанад руу зугтана гэж шүүх үзэж байгаа юм.

К.Гон болон Nissan компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Грег Келли нарыг өнгөрсөн 11 дүгээр сарын 19-нд Япон улсын санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэн, баривчлан саатуулсан. К.Гоныг 2010-2015 онд Nissan компанийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байх үеэрээ Г.Келлигийн дэмжлэгтэйгээр ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт буруутгасан юм.     



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK