АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Майкрософт” театрт даваа гарагийн орой болсон 70 дахь удаагийн “Эмми” наадмаас телевизийн “HBO” сувгийн уран бүтээл “Хаадын тоглоом” цуврал кино шилдэгээр шалгарч шагнал хүртсэн байна.

Жорж Р.Р.Мартинийн уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” цуврал кино нь “Шилдэг цуврал” хэмээх шагналыг гурав дахь удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2015, 2016 онд дараалан хүртэж байсан юм.

Мөн уг цувралын жүжигчин Питер Динклаж “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн нь түүний гурав дахь “Эмми” болжээ. Тэрбээр энэ төрөлд долоон удаа нэр дэвшиж, 2011 болон 2015 онд энэ шагналын эзнээр тодорч байсан аж.