Хадгаламжийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь жижиг хадгаламж эзэмшигчийг санхүүгийн хямралаас хамгаалах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байдаг.

Хадгаламжийг бүрэн даатгадаг туршлага байдаг хэдий ч энэ нь богино хугацаанд банк дампуурах үед системийн эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлж чадах ч урт хугацаанд зах зээлийн сахилга батыг бууруулах эрсдэлтэй байдаг учраас дэлхий нийтээрээ хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжих болсон. Манай улсын хувьд ч санхүүгийн хямралын үе болох 2008-2012 онуудад бүх хадгаламжийг даатгадаг байсан бол 2013 оноос 20 сая төгрөгөөр хязгаарладаг болсон.

Харин энэхүү хязгаарыг оновчтой тогтоох нь чухал бөгөөд олон улсад 80/20-ийн дүрмийг ашигладаг. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 80 хувь, нийт хадгаламжийн 20-30 хувийг даатгах нь зохистой гэж үздэг. Мөн улс орон бүрийн банкны систем, эдийн засгийн нөхцөл байдал харилцан адилгүй учраас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс 2 дахин ихээр тогтоодог туршлага байна.

Манай улсын хувьд дээрх олон улсын аргачлалд үндэслэн зохистой хамгаалалтын хязгаарыг харилцах, хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөг байхаар тогтоон хуульчилсан нь банкны салбар дахь нийт хадгаламж эзэмшигчдийн 99.8 хувь, нийт хадгаламжийн 25 хувийг даатгаж, олон улсын стандартад нийцэн, үндсэн зорилгоо хангаж байгаа юм.


Эх сурвалж: Хадгаламжийн даатгалын корпораци