Өчигдрийн 17:00 цагаас хойш манай улсад коронавирусийн 26 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 19 нь Сэлэнгэ аймагт, 2 нь Улаанбаатарт, 4 нь Дархан-Уул аймагт, 1 нь Дорноговь аймагт аж. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 608 болжээ.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 22-ны байдлаар ойрын хавьтал нийт 801 хүнийг олж тусгаарлах, тандалт, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Мөн хоёрдагч хавьтал 7528 хүнийг тогтоож, шинжилгээнүүдэд хамруулж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явж байна. Энэ нь халдвартай хүн өөрийгөө мэдэхгүй яваад байх эрсдэлтэй учраас халдварын голомттой хавьтал болсон, зарласан үзвэр, үйлчилгээг үзсэн, караокед орсон зэрэг хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.

Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 19 хувь нь уушги болон зүрх судасны архаг өвчин, элэгний B, С вирусийн халдвартай байна. 

Коронавирус илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн ханиалгах байна. 

Одоо томуугийн улирал учраас иргэд ханиалгах зэргээ томуу гэж андуурах эрсдэл байх магадлалтай. Иймд ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, нусгайрах, ялангуяа үнэр, амт мэдэхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл ханиуд томуу гэж тайвширч болохгүй. Коронавирусийн шинжилгээ хийж буй цэгүүдэд шинжилгээ өгөх хэрэгтэй. 

Мөн халдвартай хүмүүсээс халуурах, сульдах, жихүүдэс хүрэх, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, үе мөч өвдөх, дотор муухайрах, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг илэрч байгаа учраас дээрх шинж тэмдгүүд илэрвэл бас эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгөх, ЭМЯ-ны 119, 80086829 дугаарт холбогдож зөвлөгөө аваарай" хэмээлээ.