Нойтон агаарт хөлөрсөн шилний цаана зогсох хүмүүс

Хар цагаан , тодорхойгүй дүрсүүд.

Яг л ийм байдаг,
Яг л ийм байсан ..
Чи хэлэвч дотор чинь бодлууд үлдэнэ.
Би сонсовч, сэтгэл чинь үл тодроно..
Тодорхойгүй чи бас би
Цагийн эргүүлэгт улам бүдгэрнэ.
Харилцаа тасарсан ч дурсамж үлдэж,
Үг дуусахад утга тодорч, анзаарч байна уу?

Хүмүүс …
Орчлон хорвоо дээр яагаад байгаа нь үл ойлгогдох олон олон хүмүүс. Хүртэгдэх, үл хүртэгдэх олон зүйл дунд амьсгалан буй тэд бас бид. Яг л энэ John Batho-гийн гэрэл зураг шиг .

Нэг нэгэндээ тод үзэгдэх хирнээ, сайн өнгийж харвал зэрэглээ мэт нэгэндээ хүртэгдэнэ. Хөлөрсөн шил эгээ л харилцаа гэмээр. Нэг нэгэндээ хэлдэг үгс заавал үнэн байх албагүй, цагийн байдалд хүн юу ч хэлнэ. Гагц хүний сэтгэл, энэ хөлөрсөн шилний цаана л тодорхой. Ярианаас нь үлдээхийг хүссэн сэтгэгдэл, дурсагдахыг хүссэн үгс, үйлдэлийг нь хасаад, ганц сэтгэлийг чинь сонсох гэвэл тэнчээ аниргүй л үлдэж мэднэ. Гэвч ийм зүйл хүсэх нь магад дэндүү гүнзгий шунал байх. Хүнийг ч гэлтгүй өөрөө би тийм гүнлүүгээ орж чаддаг билүү? Өөрөөсөө алсарч, чамруу хүртэл хичнээн хол зайг туулах бол?

Туулж амжаагүй цагийн урсгалд алдарч орхисон хүмүүсийн дуртгал, эгээ л энэ гэрэл зургууд шиг, дуранд хадгалагдаж амжсан тухайн мөчийн дүрсээрээ ой санамжийн хануудад өлгөгдөн үлдэнэ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэж хүмүүс бид өөрсдөө хуваасан цаг хугацаа. Гэвч амьдрал өөрөө цувиралтгүй эргэлдэх урсгал адил хөвөрсөөр л байна. Өглөө, шөнө болдог учир, дунд нь бид нойрсдог болохоор л, таслал, цэггүй урсах цаг хугацааг, өчигдөр, өнөөдөр, маргааш гэж ялгаж, зааглан, ангилсаар л…

Эдгээр гэрэл зургуудийг хараад надад эхлээд өнгөрсөн цаг, дурсамж гэсэн үгнүүд санаанд орсон боловч, одоо цагт уулзан буй хүмүүс шиг, ирээдүйд үлдэх хэн нэгний надад, аль эсвэл хэн нэгэнд дурсагдах миний ч дуртгал байж болох мэт санагдав. Магадгүй бид амьдралыг урсгал ус шиг гэдгийг нь анзаардаг хирнээ өнгөрсөн, одоо, ирээдүй гэж хуваагдмал гуравхан үгэнд хууртагддаг юм биш байгаа..

Баталгаа, нотолгоо, тодорхой байдлыг хүсэх хүний хүсэл өөрөө дэндүү биш үү. Амьдрал, цаг хугацаанаас илүүтэй эрдэж, бахдаж байгааг нь түүний хүслээс харж байна уу? Гэсэн ч урьдчилан тооцоогүй нөхцөлүүд хичнээнээрээ биднийг хүлээж байгаа бол? Эргэж тооцоогүй үр дагаврууд хичнээнээр бидний ард үлдсэн бол? Хүртэж чадахгүйгээ үгүйсгэнэ, ойлгоогүй юм аа нотлох гэж оролдоно. Хүн өөрөө бодит гэж үү? хөдөлгөдөг зорилго, хүлээсэн зорилт, хүсэх мөрөөдөл, дурсдаг дурсамжууд нь өөрөө бүгд хийсвэрээс эхлэдэггүй юу?

Өөрөөсөө алсарч
Өөрт чинь хүрч чадалгүй
Өнгөрөөсөн дурсамж минь чи
Миний үл хүртэхүй,
Хийсвэрээс бодит руу буугаагүй
Чи бас бид эгээ л
John Batho-гийн гэрэл зураг мэт ээ...



Ц.Ариунсанаа