УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 50 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолыг  батлуулсан байна. Эдгээрээс бие даасан хууль 12, хуульд нэмэлт, өөрчөлт оруулах хууль 38 байгаа талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм. Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийтдээ 12 удаа хуралдан 28 хуулийн төсөл (хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 22), Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 3, хяналт шалгалтын тайлан 1, харьяа яам, агентлагийн тайлан 2, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай асуудал 5-ыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт 31, танилцуулга 6, зарчмын зөрүүтэй 119 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны хуралдаанаас гарсан 1 тэмдэглэлийг холбогдох яам, агентлагт хүргүүлжээ. 

Бүртгэлийн багц хуулийг Улсын Их Хурал баталсан бөгөөд энэ хүрээнд Монгол Улс бүртгэлийн үйл ажиллагаандаа эрх зүйн цогц, томоохон шинэчлэл хийх нөхцөл бүрдээд байгааг Ш.Раднаасэд гишүүн тэмдэглэсэн. “Улсын иргэний бүртгэлийн байгууллагаас өгдөг 68 төрлийн үйлчилгээний 65-70 хувь нь бичгээр байсныг 11 дүгээр сараас эхлэн цахим хэлбэрт шилжүүлэн, иргэдээс бичиг, цаасаар лавлагаа авдаг, чирэгдүүлдэг байдлыг 65-70 хувь бууруулна. Үүнийг дагаад 33 журам батлагдах ёстой бөгөөд эдгээрийн хүрээнд иргэдэд үйлчилгээ хүргэж буй анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааг нарийвчлан, хөнгөвчлөх зохицуулалтууд хийгдэх юм” гэлээ.