"CALLPro" LLC-г үүсгэн байгуулагч, FARO education англи хэлний сургалтын төвийн захирал Б.Идэр-Одтой ярилцлаа. Түүнийг бас гарааны бизнесийн, комедигийн Идэрээ гэдгээр хүмүүс андахгүй. Бизнес хийж алдаж онож яваа ирмүүн хүсэл эрмэлзэлтэй тэрээр нисэхийн инженер мэргэжилтэй ч технологийн салбарт цахиур хагалж яваа залуусын нэг юм.

-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Шинэ юм сурах гэж төвлөрч байгаа үедээ өглөө таван цагт ч сэрж ажилладаг. Энгийн үед орой 11:45-д орондоо орж өглөө 8:30-д босч хэвшсэн. Ерөнхийдөө бол сайн унтаж амрахыг дэмждэг хүн. Өглөө эрт нойр дутуу сэрснээс ханатлаа унтаж сэрээд ажлыг эрч хүчтэйгээр машиндсан нь дээр санагддаг.

-Амьдралаас урам зориг, эрч хүч авдаг зүйл чинь юу вэ?

-Асуудал юм уу даа. Чадахгүй байсан ч гэсэн том асуудлын ард гарах гээд зүтгэвэл талд нь ч болтугай хүрдэг. Холын зорилго буй дор ойрын зорилго үл оршино гэдэг. Үүн шиг аль болох холын зорилгоо ойлгож мэдэрсэн үед хүн ойр зуурын зүйлд шантрахгүй зүтгэдэг юм шиг санагддаг. 

-Амьдралдаа учирсан хамгийн сургамжтай бүтэлгүйтэл чинь юу байв?

-Оюутан байхдаа анхны бизнесээ хийж байлаа. Тухайн үед Америкаас хувцас оруулж ирэхдээ бизнесийн хамгийн том алдаануудыг гаргаж үзсэн дээ. Бизнесийн алтан дүрмийн нэг “Байрлал байрлал байрлал” гэдэг алдааг хамгийн түрүүнд гаргасан. Бас шинэ жилийн өмнө хийсэн ашигтай борлуулалтаараа бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргаж буруудсан. Үргэлж өндөр борлуулалттай байх юм шиг төсөөлж татан авалтаа хэтэрхий их хийчихсэн хэрэг. Цаг цагаараа байдаггүйг ухааруулсан бүтэлгүйтэл минь байгаа юм.

-Залуусын төлөөллийн хувьд улс орноо хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой гэж хардаг вэ?

оловсролын салбарт стартап компани байгуулаад явж байгаагийн хувьд олон нийтийн боловсрол, төлөвшил сайн байж л улс хөгжинө гэж хардаг. Жишээ нь өндөр хөгжсөн улсыг харахад зам дэд бүтэц эсвэл технологи биш хүний хөгжилд хамаг нууц нь байна. Хүн нь хөгжчихсөн улс бол ямар ч хүнд нөхцөл байдалтай учирлаа ч асуудлыг туулаад гарчих чадвартай. Гэтэл Венесэул хэдэн жилийн өмнө баялгаараа яаж туйлж байлаа. Хүн нь хөгжөөгүй учраас тэр их баялгийг өөртөө шингээн авч зөв гольдролоор хөгжиж чадсангүй. 

-Амжилтад хүрэхийн тулд хүн олон зүйлээ хаядаг ч хэзээ ч алдаж болохгүй зүйлийг та юу  гэж боддог вэ?

-Хүн юуны ч төлөө явж байсан эрүүл мэндээ золиосолж болохгүй. Тийм ч учраас аль болох сайн унтаж амардаг. Уулзалтаа өглөө эрт товлох дургүй шалтгаан минь энэ. Эр хүн нойр хоолондоо сайн бол бүх юм бүтнээ гэж ярьдаг даа. (инээв)

-Мэдээлэл авдаг эх сурвалж?

-Твиттэр байнга ашигладаг. Хурдтай бас цомхон учраас мэдээлэл авахад хялбар санагддаг. 

-Сошиалд хэр цаг зав зарцуулж байна?

-Яг сошиалд зориулж суудаггүй. Ажлынхаа завсар зайгаар толгойгоо амраах зуур 5-6 удаа ордог.

-Нууц биш бол сарын орлого чинь хэд вэ? 

-Сарын цэвэр орлого 3 сая. Амьдралд минь хангалттай хүрээд байдаг. 

-Энэ хэмжээнд орлоготой болтлоо их хугацаа зарцуулсан бэ?

-Сүүлийн 6 жил чадах чинээгээрээ ажиллаж хөдөлмөрлөж байна.

-Гар дээрээ авсан хамгийн анхны цалин?

-Ер нь анхнаасаа сайн цалин авч байсан шүү. Анх МИАТ-д агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр ажилд орж Войнг онгоц дээр ажилласан. Тухайн үед 1 сая 200 мянган төгрөгийн цалин авч байлаа. Зургаан жилийн өмнө шүү дээ.

-Яагаад ажлаасаа гарчихсан юм бэ?

-Бизнесээ хийх гэж л гарсан. Уг нь ажлынхаа хажуугаар бүтэн жил гүрийж амжуулсан ч сүүлдээ дийлэхээ болиод гарсан. 

-Ээжийг тань Ц.Оюунгэрэл гэдгийг мэднэ. Ээжийн нөлөө амьдралд чинь хэр байсан бэ?

-Ээж бол миний хувьд хамгийн том доктор, профессор. Алдаа гаргавал хамгийн түрүүн олж хардаг бас онож хэлдэг  Бид сар болоод нэг удаа ярилцдаг.  Апплейкшныг хэсэг байж update хийж сайжруулдаг шиг ээжийн хэлсэн үгс намайг чимх чимхээр сайжруулдаг гэж боддог.  Ээж аливаа алдаа дутагдлыг бага багаар л засдаг хүн.

-Ээжээсээ сүүлд ямар сургааль сонсов?

-Би сургалтын төвөө босгох гэж зээл авсан. Тэр зээлээ хоёр өдрөөр хоцроочихсоныг минь ээж саяхан мэдчихэж. Ингээд “Чи өөрөө айхтар бизнес ярьдаг хүн байж... Санхүүгийн сахилга бат хамгийн чухал, зээлээ цагт тухайд нь төлж сур" гэж хэлсэн. Энэ сар төлөх зээлээ яг цагт нь өгнө.

-Мэргэжлээ сонгоход ээжийн нөлөө байв уу?

-Ээжийн нөлөө гэхээсээ илүүтэй гэр бүлийн нөлөө их бий. Ээжийн дүү бас үеэлүүд минь нисэхийн инженер мэргэжилтэй. Аав минь ч бас нисгэгч хүн байсан учраас надад мэргэжлээ сонгоход тийм ч хэцүү байгаагүй. 

-Тэгвэл гэр бүлийн нөлөөгөөрөө сонгожээ дээ?

-Хамаатан саднаараа нэг салбарыг атгалаа гэж ярьдаг даа. Мэргэжил удамших муу зүйл биш. Гадны том компаниуд хүртэл нэг мэргэжлээр дагнасан бол гэр бүлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрдөг. 

-Ub comedy-ийн Идэр Од гэхэд бүгд мэднэ. Энэ төрлийн гадны шоунаас алийг нь онцолж үзэх дуртай вэ?

-Английн шоу их үздэг. Бас Нью Йоркийн Бродвейн театрт гарч ирж байгаа залуу элэглэгчдийг үзэх дуртай. 

-Хошигнол чамд юу өгдөг юм бэ?

-Хошин шогийн мэдрэмж гэдэг юмыг таарсан тунгаар нь гаргаж ирдэг төрөл юм. Standup комеди бол надад хамгийн тохирсон урлаг гэж боддог. Би сайхан зурдаггүй бас дуулж чадахгүй. Тэгэхээр энэ л миний авъяас юм уу даа.

-Энэ төрлөөр гарч ирэх залуус хэр олон байна?

-Тийм залуус зөндөө болчихсон. Манай Ub comedy club Нью Йоркийн Бродвейн стандартаар ажилладаг. Манай клуб дээр даваа гариг болгон энэ төрлийн уулзалт болдог.

-Ингэхэд Идэрээ тэр “татаадаг” хэсгийнхээ санааг яаж олдог вэ?

-Дадал юм уу даа. Дизайнерууд пиджак хараад 60 хувь нь франц, 40 хувь нь англи эсгүүртэй юм байна гэдгийг төвөггүй мэднэ. Энгийн хүн бол анзаарахгүй дээ. Тэгэхээр дуртай зүйлдээ "хоббироод", амьдарч байгаа орчноо анзаарч шинжээд л явж байгаа хэрэг. 

-Анзаарч байхад бусдаасаа хараал бага хэрэглэдэг юм шиг санагддаг. Элэглэхдээ өөртөө цензур тавьдаг уу?

-Цензур тавиад, хараал хэлэхгүй гэж хичээдэггүй, миний ярьж байгаа нь л энэ. Хүн болгон өөрийнхөө хэв маягаар ярих ёстой гэж боддог. Манайхан комедиг хараал ихтэй л гэдэг, Америкт бол замбараагүй хараадаг. Дургүй нь үзэхгүй байж болно

-Гурван ч компани үүсгээд амжилттай ажиллаж байна. Өөрөө яг алинд нь дуртай юм бэ?

-Би хийж байсан бас хийж байгаа бүх ажилдаа дуртай. Гэхдээ бүгдийг нь би хийгээд байгаа юм биш, хоорондоо уялдаа холбоотой ажлууд байгаа юм. Стартап Монголиа ТББ-д энэ жил бараг цаг зарцуулаагүй. Эхний гурван жил энэ ажилд хүчтэй оролцсон. Маргааш гэхэд гарааны бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд оролцоно.  

Мөн CallPro LLC бол байгууллагын хэрэглэгчид үйлчлэх дуудлагын төвийн бүх техникийн асуудлыг шийдэг өгдөг харилцаа холбооны технологийн компанийг үүсгэн байгуулсан бас FARO education англи хэлний сургалтын төв ажиллуулж байна. Комедигийн хувьд бол хобби байсан боловч ажил болчихож. 

-Хөрөнгө оруулалтаа яаж олдог вэ?

-Миний эрхэлдэг бизнес багахан боломж нөөцөнд тулгуурлаж боссон. Хэт том бизнес биш л бол хөрөнгө оруулалт гүй ч өөрийгөө аваад явчих хэмжээний бизнесийг хүн хаана ч хийх боломжтой.

-Эсрэгээрээ мөнгө л байвал “будаа болгочих” гээд байна гэсэн залуус зөндөө байна шүү дээ?

-Хөрөнгө оруулалтгүй учраас би ажил хийж чадахгүй байна гэдэг шиг муухай шалтаг, шалтгаан байхгүй.  Энэ хамгийн буруу хандлага. Харин мөнгөтэй мөнгөгүй босдог бизнес яваандаа хөрөнгийг шингээж татаж чадна. Гэхдээ би хараахан энэ хэмжээнд хүрээгүй байгаа.

-Алдаанаас айдаг уу?

-Хүн яаж ч зөвлөгөө аваад гаргах ёстой алдаагаа гаргадаг. Алдаа гаргасан хүнийг чичлээд ч байх хэрэггүй. Америкчууд бол "Ашгүй залуудаа алдаад авч, үүн шиг чин үнэтэй сургамж гэж юу байхав" гэж хэлдэг. 

-Таван жилийн өмнөх Идэрээд юу гэж зөвлөх вэ?

-Хиймээр байгаа зүйлээ зоригтойгоор шууд барьж аваад хий, алдсан ч хамаагүй гэж л хэлнэ.

-Гарааны бизнесийн талаар анх ярьсан хүний хувьд бизнес эхэлж байгаа хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Таван жил зүтгэх хэрэгтэй. Тэгж байж үр дүн нь гарна.

-Гарааны бизнес гээд нэвтрүүлэг хийсэн. Одоо “Шарк танк”-ийг хөтөлж байна. Тэр олон хүнтэй уулзахдаа ямар зан чанар бизнес хийхэд чухал гэж олж харсан бэ?

-80 орчим гарааны бизнес эрхлэгчтэй уулзсан.  Энэ хүмүүстэй уулзахад бизнес эхлүүлж байгаа хүнд зүтгэл хамгийн чухал байдгийг олж мэдсэн. Зүтгэлтэй хүн алдсан ч онодог. Харин шалтаг тоочоод байвал бүтэхгүй.

-Сэтгэл эмзэглэж явдаг зүйл?

-Сүүлийн үед агаарын бохирдолд эмзэг хандаж байгаа. Боломжтой бол айл болгонд халаагуур тавиад өгчих юм сан.

-Ажлын хэмнэл?

-Өдөрт 10-12 цаг ажилладаг. Өдрийн 30 хувьд нь гадуур ажил хөөцөлдөн хүнтэй уулзаж, 70 хувийг сууж өнгөрүүлж байна. Ажил дээр багийнхантайгаа аль болох ганцаарчилж уулзах дуртай. Хүн болгонтой өдөрт 2-10 минут зарцуулж уулздаг.

-Идэрээ өөрийгөө олсон гэж боддог уу?

-Үгүй байх аа. Дөч хүрч байж л энэ талаар ярих болов уу. "Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат" гэдэг дээ. Анзаараад байхад манай монгол хэлц яг голыг нь олоод хэлчихсэн байдаг. 

мьдралыг юугаар хэмжих бол?

-Хүний амьдралын үнэ цэн хийж бүтээснээр биш жаргалтай амьдарснаар хэмжигдэх байх. Урт удаан аль болох жаргалтай амьдрах юмсан л гэж боддог. Бизнест ялгаагүй. Хүнд сэрүүн байх 14 цаг бий. Тэгвэл энэ цагийн 65 хувь нь ажил дээр өнгөрч байна. Хэрэв хүн ажил дээрээ сэтгэл хангалуун өнгөрөөж чадахгүй бол амьдрал нь ч жаргалтай байж чадахгүй. Мэдээж гүрийгээд тэвчээр гаргах үе хүнд бий. Гэхдээ гүрийж чармайсны эцэст ирж байгаа зүйл нь өндөр байх нь чухал. Тийм байж үр дүнтэй ажилладаг. Би багийнхандаа энэ үгийг хэлэх дуртай 

-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Юу хийхэд жаргалтай байна, түүнийгээ тултал нь хий.