ЖЕНЕВ. /NHK/. Хиймэл оюун ухаант зэвсгийн талаарх НҮБ-ын бага хурал Швейцарын Женев хот дахь НҮБ-ын байранд өчигдөр эхэлжээ.

Тус бага хурлын хүрээнд хиймэл оюун ухаанаар тоноглосон, үхэлд хүргэх аюултай, автомат жолоодлоготой зэвсгийг хориглох талаар 70 орчим орны төлөөлөгч, мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа аж. 

“Хиймэл оюун ухааныг зэвсэгт ашиглах нь хариуцлагагүй, ёс зүйгүй явдал юм. Учир нь технологи хүн төрөлхтөний хувьд тааварлашгүй шийдвэр гаргах магадлалтай” гэж Австрийн төлөөлөгч хэлжээ. Бусад орны төлөөлөгчид энэ асуудалд олон улсын зохицуулалт хэрэгтэй байгааг дурдсан байна.

Харин АНУ-ын төлөөлөгч дээрх саналыг эсэргүүцэж, хиймэл оюун ухаант технологи нь энгийн иргэдэд учирч болзошгүй аюул заналыг бууруулах шинэ төрлийн зэвсгүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ. 

Японы төлөөлөгчдийн хувьд энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Зэвсэглэлийг бууруулах бага хуралд Японыг төлөөлөн оролцож байгаа элч Нобүшигэ Такамизава хэлэхдээ, хэрэв зохицуулалт бий болгохыг хүсэж байгаа бол ямар төрлийн зэвсгийг хориглох шаардлагатай талаар Засгийн газрууд зөвшилцөх хэрэгтэй гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг