ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид даваа гарагийн өглөө хэд хэдэн замын хөдөлгөөнийг хааж, метро, нисэх буудлын ажлыг тасалдуулан зам тээврийн хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүсгэжээ. “RTHK” радиостанцаар мэдээлснээр, агаарын тээврийн “Cathay Pacific” болон “Hong Kong Airlines” компани 100 гаруй нислэгээ цуцалсан байна.

Хэт давруу үзэлтэй идэвхтнүүд өглөөний оргил цагийн үеэр метроны галт тэрэгнүүдийн хаалгыг хааж эхэлсэн байна. Тэд галт тэрэгнүүд дэх “түгшүүрийн” дуудлагын товчлуурыг дарсны улмаас метроны хэд хэдэн шугамын хөдөлгөөн зогсоход хүрчээ. Түүнчлэн нисэх онгоцны буудал хүрдэг хурдны гал тэрэг зогссон тухай мэдээлж байгаа бөгөөд зорчигчдод нисэх буудал руу таксигаар очихыг зөвлөж байгаа аж.

Олныг хамарсан ажил хаялтад нэгдэхийг сөрөг хүчнийхэн Хонконгийн оршин суугчдад уриалжээ. Эмх замбараагүй байдал хотын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг эрх баригчид анхааруулсан байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаа эхэлсэн эхний хоёр минутад "Хан Сен" индекс 2 хувиар буурчээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг