ХОНКОНГ /СЯНГАН/. /ТАСС/. Бямба гарагт Хонконгийн төвийн хэд хэдэн дүүрэгт болсон жагсаалд оролцогсдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэсэн байна. Энэ тухай Хонконгийн телевизээр мэдээлжээ.

Хонконгийн харьцангуй тайван, алслагдмал Вон Тай Син дүүрэгт мөн цагдаа нар болон ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийн хооронд мөргөлдөөн болсон байна.

Бямба гарагийн орой Засгийн газрыг эсэргүүцэгч хэдэн арван мянган жагсагч ээлжит эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Коулун дүүргийн гол гудамжуудын замын хөдөлгөөнийг хаасан байна. Тэд эхлээд хүн ам шигүү суурьшсан Монгкок дүүрэгт цугласныхаа дараа хэсэг бүлгээрээ хуваагдан янз бүрийн зүг рүү эмх замбараагүй тарж явцгаасан байна.

Жагсагчдын зарим нь эх газрыг Хонконг аралтай холбодог усан доорх автомашины туннелийг хоёр ч удаа хаахыг оролджээ. Харин зарим нь янз бүрийн дүүрэг дэх цагдаагийн хэсгүүдийг бүслэн хааж, өндөг шидэлж, төрийн далбааг доромжилсон үйлдэлд оролцсон байна.

Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид ням болон даваа гарагт дахин жагсахаар товложээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг