Bloomberg агентлагаас гаргадаг хөгжиж буй зах зээлтэй орнуудын жагсаалтыг Малайз улс тэргүүлсэн байна. Уг жагсаалтыг лхагва гарагт нийтэлжээ.

Хөгжиж буй зах зээлтэй 20 орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвийн харьцуулсан үзүүлэлтийг гаргахдаа 2018 болон 2019 оны ДНБ-ий урьдчилсан таамаг, урсгал дансны өнөөгийн байдал, зээлжих эрхийн зэрэглэл, валютын нөөц, хувьцаа болон бондын зах зээлийн байдал зэрэг хүчин зүйлүүдыг харгалдзаг аж.

Жагсаалтын хоёрдугаарт, хагас жилийн өмнө долдугаарт бичигдэж байсан ОХУ оржээ. Тус улсын дээрх үзүүлэлтүүдийг харуулсан нийт оноо хагас жилийн өмнөх 0.88-аас 2.36 болж нэмэгдсэн нь ийнхүү байр ахихад нөлөөлсөн байна. Гуравдугаарт хагас жилийн өмнө дөрөвдүгээрт бичигдэж байсан Хятад улс орсон бол дөрөвдүгээр байрыг өмнө нь хоёрдугаарт орж байсан Филиппин эзэлжээ. Жагсаалтын эхний аравт, Колумб, Таиланд, Польш, Мексик, Чили болон Өмнөд Солонгос багтжээ.

Жагсаалтын эхний байранд бичигдсэн зургаан орны дөрөв нь Азийн бүс нутгийн улсууд болохыг “Bloomberg”-ийн мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. Эдгээр орны урсгал дансны тэнцэл эерэг, ДНБ-ий өсөлт харьцангуй өндөр, инфляцын түвшин доогуур байна. Энэ нь хөгжиж буй зах зээлээс хөрөнгийн урсгал гадагш чиглэх эрсдэл дагуулах магадлалтай, АНУ бодлогын хүүгээ өсгөхөд бий болдог эргэлзээтэй нөхцөлд эдгээр орны байр суурийг бэхжүүлж байна гэж шинжээчид дүгнэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP