Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж буй. Одоогийн байдлаар гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн мөнгө олгох явцад өөрчлөлт орууллаа. Өмнө нь санхүүжилтыг нь Монголбанкаар дамжуулж, Монголбанк цааш нь арилжааны банкуудад шилжүүлэх байдлаар шат дамжлагатай явагддаг байсан. Үүнд өөрчлөлт оруулж Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр мөнгө нь байршиж байхаар тогтоолоо. Ингэснээр тухайн хүүхдийн аль ч банкин дахь дансанд сар бүрийн 20-нд Төрийн сангаас мөнгө нь шууд ордог болж байна.

Энэ оны эхний 3 улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгоод байна" хэмээлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг

Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шилжүүлж байхаар болжээ.