Өнгөрсөн гуравдугаар сард Баянгол дүүрэгт дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг нийгмийг цочроосон билээ. Зодуурын улмаас олон удаагийн хагалгаанд орсон хүүгийн бие тэнхэрч буй. Гэсэн хэдий ч дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. 

Тэгвэл уг хэрэгт холбогдох шүүх хурал болж өнгөрлөө. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох  эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд:

Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг  мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад  10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн тамгын газар