Цаг хугацаагаар аялах боломжийг түүх бидэнд олгодог. Сансрын тоосонцроос одод, гараг ертөнц бүрэлдэн тогтож, дэлхий хэмээх амьд оршихуй бий болсон цаглашгүй өнө эртний цаг тооллоос соёл иргэншлийн өндөрлөгт хүрсэн өнөөгийн ертөнц хүртэлх адармаатай түүх хэнд хүнд сонин байх нь зүйн хэрэг.

"Энэ бүхэн хэзээ болсон бэ?" гэдгээс "хэрхэн яаж өрнөсөн бэ" гэдэг нь илүү сонирхолтой. Чухам яг энэ тайлалыг хэн ч уншсан энгийн ойлгомжтой, хялбаршуулсан байдлаар хөнгөн хошигнол хавчуулан бичсэн болохоор Гомбрих гуайн ном хүүхэд багачуудаас эхлэн хөгшин хөвөө хэн бүхэнд таалагдах нь лав. Тоо баримт дүүрэн түүхийн сурах бичиг, тоосго давхарласан мэт зузаан түүхэн ботиудыг уншихаас толгойтой үс нь босдог, түүх гэдэг залхуу хүргэм эд гэсэн ойлголттой хүмүүст энэ хялбаршуулсан түүх тун сонирхолтой зугаатай санагдана гэдэгт итгэлтэй байна.

Архелогийн олдвороор гарч ирдэг хүнтэй төстэй гавал яснууд ямар нууц хадгалж байдаг бол. Хүч чадал дорой, бяд муутай хүн сүрэг агуйгаас гарч хэрхэн хуурай газар, далай тэнгисийг эзэгнэн соёл иргэншлийг цогцлоон бий болгож өнөөгийн өндөрлөгт хүрсэнийг энэ номоос олж мэднэ. "Хуучин гэрээ"-туурвисан Еврейчүүд төрөлх нутгаасаа хөөгдөн, газар бүр ад үзэгдэн, амь нас хутганы ирэн дээр явсан ч "Бурханаас сонгогдсон" гэдэг итгэл үнэмшил нь хүчирхэг үндэстэн болох суурь болжээ.

Хоёр мөрний хөндийд үүссэн Шумерийн соёлоос Герег, Ромын иргэншлүүд залгамжлан, цэцэглэн мандаж байсан олон улс гүрэн байшин барилгатайгаа газрын хөрснөөс арчигдагдсан ч түүх гэгч цаг хугацааны машинаар тэр үед эргэн очиж болно. Овог аймгийн тэмцэл нь хүчирхэг хаадыг төрүүлж, сүсэг бишрэлийн давалгаа нь шинэ шашин соёлыг үүсгэж, сониуч эрэл хайгуул нь шинжлэх ухааныг хөгжүүлж, газар нутгийн төлөөх дайн нь эзэнт гүрнүүдийг тэлж, хүний оюуны нэгдмэл хүч чадал нь нийгмийн хөгжил дэвшилд хүргэж ороомог хэлбэрээр явагдах хөгжлийн зүй тогтол нь өнөөгийн өндөрлөгт хүргэжээ.

Шинэ газар нутгийг нээсэн зоригт далайчдын аялалууд, мухар сүсэг бишрэлд автсан чөтгөр шуламын харанхуй зуунууд, соёл урлаг, шинжлэх ухааны тэсрэлт болсон сэргэн мандал гэгээрлийн эрин үе, дайн тулааны ялалт ялагдлууд, гайхамшигийг цогцлоосон эртний иргэншлийг алтны төлөө тонон дээрэмдэж хүйс тэмтэрсэн Европын балмад хэрцгий тонуул, хүлэг баатруудын кино мэт адал явдлууд гээд ам ангайж чих дэлдийлгэм үйл явдлууд дунд орно гэдэг гайхалтай биш гэж үү.

Эхлэлийн цаана эхлэл, нууцын цаана нууц байдаг болохоор сонгинын олон давхар хальс шиг түүх гэдэг унших тусам сонирхолтой зүйлсээр баяжиж байдаг тун зугаатай эд шүү. Түүх гэдэг төсөөлөл бус баримт нотолгоонд тулгуурласан цаг хугацааны ой санамж юм. Сониуч зангаас бүх юм эхэлжээ. Агуйдаа байсан хүн сониуч занд хөтлөгдөөгүй бол өнөөдөр энэ түүхийг уншиж суухгүй байлаа. Түүхэнд юу болоод өнгөрөв, хэрхэн яаж өрнөв гэж таны сониуч зан хөдөлж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Энэ номыг амтархан уншихад хүргэсэн хоёр гол шалтгаан байгаа юм. Нэг нь номыг зохиогчийн бичлэгийн хялбар, хошин, сонирхолтой өнгө аяс нөгөө нь эх хэлээрээ уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлсэн орчуулагчийн ур чадвар юм. Залуу орчуулагч Г.Лхагвадуламд талархал илэрхийлье!