Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сайд С.Чинзориг цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн саналыг тавилаа. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барих төслийг хэрэгжүүлэх явцад дутуу орхигдсон зарим ажлыг гүйцээхэд шаардагдах 32.9 сая юанийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Шин Хайминээс хүслээ. 

Мөн тэрбээр хоёр улсын хооронд  “Ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах тухай олон жилийн өмнөөс ярьж байгааг онцлоод энэ баримт бичгийг байгуулснаар Монгол Улс дотооддоо бэлтгэж чаддаггүй, нарийн мэргэжлийн ур чадвар өндөртэй мэргэжилтнийг хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлтэд тулгуурлан авах боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа дуулгаад “Эдийн засаг хүндрэлтэй, дотооддоо ажилгүйдэл өсч буй өнөө цагт бид гаднаас авах ажиллах хүчний тоог одоогийн түвшингээс нэмэхгүй байх бодлого барих шаардлага байгаа. Түүнээс гадна БНХАУ-ын холбогдох яамтай хамтарч ажилласнаар Монгол Улсад зайлшгүй шаардлагатай өндөр мэргэжлийн ажилтан мөн гэдгийг баталгаажуулсан үнэмлэх бүхий иргэдийг хүлээн авах боломж бүрдэх юм” хэмээсэн.

Элчин сайд Шин Хаймин “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-д нэмэлтээр шаардлагатай багаа хөрөнгө оруулалтыг шийдэхээр болсныг сайдад уламжлаад ажиллах хүчтэй холбоотой саналаа танилцууллаа. Түүний хэлснээр БНХАУ-аас Монголд гэрээгээр ирж буй ажилчид бүгд нийгмийн даатгалын шимтгэл давхар төлдөг асуудлыг зохицуулах шаардлага байгаа аж. Хятад ажилчдын гэрээний хугацаанаас хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлдэг байх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Элчин сайдын тавьсан хүсэлтийн хариуд С.Чинзориг сайд манай хоёр улсын хооронд Нийгмийн даатгалын салбарт хамтран ажиллах гэрээгээр энэ асуудлыг зохицуулах боломж байж болохыг хэлээд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж хариу өгөхөөр боллоо.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хятад ажилчдад Монгол орон, монголчуудын ёс заншил, шашин шүтлэг, соёл уламжлалын талаар тодорхой ойлголт өгч, хүндэтгэлтэй ханддаг байх тал дээр сургалт сурталчилгааны тал дээр хамтарч ажиллахаар тогтлоо гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.