ХАЙЛААР. /PRNewswire/. Хятад-Орос-Монголын худалдаа-эдийн засгийн 15 дугаар үзэсгэлэн Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт зургадугаар сарын 29-нд нээгджээ. Үзэсгэлэнгийн хажуугаар мөн арилжааны бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулж байна.

Энэ жилийн арга хэмжээг ОХУ болон БНХАУ-ын хооронд, мөн БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулжээ. Хөрш гурван улсын, мөн “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн 25 орон болон бүс нутгуудын 645 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэсэн үзэсгэлэн худалдааны үеэр энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд, түүнчлэн Хөлөнбуйр хотод бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлэхэд гол анхаарлаа хандуулсан байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Япон болон Өмнөд Солонгос анх удаа оролцжээ.

Үзэсгэлэн худалдааг нээх ёслолд Монгол Улсын Дорнод аймгийн иргэдийн хурлын дарга, Буриад улсын үйлдвэрчний эвлэлийн дарга, Өвөрмонголын өөртөө засах орны Худалдааны газрын дарга зэрэг өндөр албан тушаалын зочид, мөн үзэсгэлэнд оролцож буй компаниудын төлөөлөгчид оролцсон байна.

Хөрш гурван улсын үзэсгэлэн худалдааг сүүлийн 15 жилийн турш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд цар хүрээ нь жилээс жилд өргөжин тэлсээр байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг