Арабын орнууд болон эдийн засгаа сэргээх шаардлагатай байгаа бусад орнуудад Хятад улс 20 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ. Энэ тухай БНХАУ-ын дарга Си Жиньпин Бээжинд өнөөдөр эхэлсэн Хятад-Арабын хамтын ажиллагааны VIII чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ мэдэгдлээ.
 
Түүний хэлснээр, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, өндөр үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Арабын орнуудтай хэлхээ холбоогоо хөгжүүлэхийг Хятад улс зорьж байна.
 
Тус улс ойрын үед Палестинд 100 сая юанийн /15 сая ам.доллар/ тусламж үзүүлэх аж. Түүнчлэн Иордан, Йемен, Ливан, Сири улсад 600 сая юанийн /90 сая ам.доллар/ тусламжийг хүмүүнлэгийн болон эдийн засгийг сэргээн босгох төслүүдэд зориулан олгох аж.
 
Мөн 1 тэрбум юанийн /151 сая ам.доллар/ төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудтай хийж буй зөвлөлдөөнөө Хятад улс идэвхжүүлэхийг зорьж байна.
 
Өнөөдөр Бээжин хотноо эхэлж буй Хятад-Арабын хамтын ажиллагааны 8 дахь удаагийн чуулга уулзалтад Арабын 21 орны төлөөлөгчид, Арабын улсуудын Лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу аль-Гейт оролцож байна.
 
Чуулга уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг бол “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд бүс нутаг хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хүрээг нь тэлэх явдал юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг