БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сингапурт болох дээд хэмжээний уулзалтын үеэр Сингапур хотын төвийн бизнесийн дүүрэг дэх Fullerton зочид буудалд байрлахаар төлөвлөж байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сентоза арал дахь Capella зочид буудлыг сонгож магадгүй гэж "Straits Times" сонинд бичжээ.
 
6 дугаар сарын 12-нд болох түүхэн уулзалттай холбоотой нарийн ширийн зүйлүүдийг Вашингтон, Пхеньяны өндөр албан тушаалтнууд энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Баттай бус мэдээллээр, "Capella" зочид буудалд Цагаан ордны төлөөлөгч Жо Хэгин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ким Чан Сон нар уулзжээ.
 
Fullerton зочид буудалд гадаад орнуудын албан ёсны төлөөлөгчид буудаллах нь түгээмэл байдаг бөгөөд 28-ны өдөр Сингапурт ирсэн Умард Солонгосын төлөөлөгчид тэнд байрлаж байна. Уг зочид буудал нь Чанги нисэх онгоцны буудлаас 20 минут явах зайд оршдог аж.
 
Шинжээчдийн үзэж байгаагаар, хотын яг төвд орших Shangri-La зочид буудал нь дээд хэмжээний уулзалт хийхэд хамгийн тохиромжтой ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг