Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
 
“Ким Жөн Унтай хаана уулзах вэ?” гэсэн асуултад тэрбээр уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэх тухайгаа мэдэгдсэн хэдий ч уулзах хотуудынхаа нэрийг тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн тус уулзалтыг АНУ-д зохион байгуулах боломжтой эсэхийг асуухаад тэрбээр энэ хувилбарыг үгүйсгэжээ. 

“Умард Солонгосын удирдагчтай 6 дугаар сарын эхээр уулзаж магадгүй. Энэ уулзалтыг хийхгүй ч байж магад. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар АНУ Умард Солонгостой дээд түвшинд шууд яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн Д.Трамп онцлон тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг