БИШКЕК. /Kabar/. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын уулзалт албан ёсоор эхэллээ.


Х.Баттулга албан ёсны айлчлал хийхээр Киргиз улсын нийслэл Бишкек хотноо лхагва гарагийн өглөө хүрэлцэн очсон юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын дараа талууд олон тооны баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз улсад хийж буй айлчлалын хүрээнд есөн баримт бичигт гарын үсэг зурна” гэж Киргизийн Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков сэтгүүлчдэд мэдээлжээ. Үүнд соёл, хүмүүнлэг, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүд багтах ажээ.


Х.Баттулга айлчлалынхаа хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоос гадна Бүгд Найрамдах Киргиз Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, “Ata-Beyit” дурсгалын цогцолборт зочлох юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг