Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 6.358.000 хүн өвчилж, 377.000 гаруй хүн нас баржээ. 2.9 сая хүн эдгэрч, уг өвчний улмаас одоо 3 сая гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 99.000 хүн коронавирусээр өвчилж, 2.000 хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 9.000, нас баралт 1.000 гаруй хүнээр буурсан үзүүлэлт боллоо. Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 9.000 гаруй хүн шинээр өвчилсөн. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 39-299 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад өвчлөл 66-гаар нэмэгдэж, нийт 1156 хүн өвчилж, 4 хүн нас барсан байна. Иймл тус мужуудтай хил залгаа Хөвсгөл, Увс, Дорнод, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхааралтай байж, амны хаалт тогтмол зүүж, гараа сайтар угааж, хүн хоорондын зайг барьж, хил орчмын нутгаар сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 187 дуудлага ирсэн. Дуудлагын олонх нь дэлгүүрийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл, сэрэмжлүүлэг байна. Дэлгүүрийн худалдагч нар заавал амны хаалт зүүж, бээлий өмсөх шаардлагатай. Ил хүнсний бүтээгдэхүүн дээр коронавирус 15-17 цаг тогтдог учир үйлдвэрлэгч, худалдагч нь битүүмжлэн борлуулах нь зүйтэй" хэмээлээ.