Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро энэ долоо хоногт ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөр тус улсад 60 орчим жил ноёрхсон Кастрогийн эрин үе өндөрлөх гэж байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, тус улсын парламент лхагва гарагт буюу өнөөдөр энэ асуудлаар хуралдах аж.

АНУ-ын талыг баримтлагч дэглэмийг 1959 онд түлхэн унагааж, социалист улс байгуулах замыг зассан Кубын хувьсгалыг өдгөө 86 настай Рауль Кастро ах Фидель Кастрогийн хамтаар удирдаж байсан юм.

Ах дүү Кастро Кубад боловрол болоод эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно гэсэн амлалттайгаар гарч ирж байв. Мөн тэд сөрөг хүчнийхнийг хяхан хавчиж байсан нь АНУ Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, олон улсын хамтын нийгэмлэг Кубыг тусгаарлахад хүргэсэн билээ.

Ах Кастро нь 2016 онд 90 насандаа таалал төгссөн юм.

Рауль Кастрогийн халааг тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг өдгөө хашиж буй Мигель Диас-Канел авах магадлал өндөр байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг