Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөө өглөө ОХУ-аас тусгай үүргийн онгоцоор 170 иргэн ирсэн. Өнөөдөр, маргааш Алтанбулаг боомтоор ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй оюутан, залуусыг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Нийт 594 орчим хүн ирнэ. Улмаар өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй байсан 3000 гаруй иргэнээс сүүлийн багц буюу хүмүүсийг татан авч байна. 

Иргэдийг татан авахтай холбоотойгоор иргэдээс гомдол, санал олон ирж, давтамж хангалтгүй гэж байна. Иймд зарим тоон мэдээллийг өгье.

Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн тоо 62.000 давсан. Үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан нь өнөө өглөө ирсэн 170 хүнтэй нийлээд 8498 болж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад 900 гаруй төрийн албан хаагч оролцож байна. Нийт 30 улсаас татаж авсан.

ОХУ-аас өнөөдөр, маргааш иргэдээ татаж авсны дараа, дараагийн чиглэлийн татан авах төлөвлөгөөг эцэслэн гаргана. Монгол Улс өнгөрсөн хугацаанд хүн амынхаа 0.27 хувийг татаж авлаа. Энэ нь Герман улсын дараа буюу хоёрдугаарт орж буй үзүүлэлт юм. Цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлнэ. ОХУ, Япон, Зүүн өмнөд Ази руу нислэг үйлдэхээр төлөвлөн судалж байна" хэмээлээ.