УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, хууль хяналтын байгууллагынхан УИХ-ын дарга М.Энхболдыг хамгаалж зарим УИХ-ын гишүүний ар гэрийнхнийг баривчлах, Засгийн газрыг огцруулахгүй бол хэрэг үүсгэнэ шүү гэх зэргээр дарамталсан хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өнөө орой 17.00 цагаас АТГ-аас мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ярьсан шиг хэн нэгэн улс төрчийн захиалгаар АТГ гишүүнийг болон түүний гэр бүлийг баривчилсан зүйл байхгүй. Энэ бол худал мэдээлэл. Харин Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл АТГ-ын уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая дахин мэдээлэл хийлээ.

Тэрээр "АТГ газар дөнгөж сая мэдээлэл хийж буй нь М.Энхболдын дуудлагаар хөдөлдөг гэдгээ баталлаа. Үүнд би баяртай байна. Өнөө өглөө би УИХ-ын дарга М.Энхболдтой холбоотой зүйл ярьсны дараа АТГ гэнэт мэдээлэл хийлээ. Тэгэхдээ олон хүний хэргийг шалгаж байгаа, нэрийг нь хэлэх боломжгүй гэсэн хэрнээ ганцхан Л.Оюун-Эрдэнэ миний нэрийг дурдаж, хамаарал бүхий этгээд нь ЖДҮ-тэй холбогдсон гэж хэлж буй нь  миний эсрэг чиглэж буй нь тодорхой байна.

Би болон надтай хамаарал бүхий хэн ч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Авах ч үгүй. Би бусад компанид ЖДҮ-ийн зээл олгож өгнө үү гэсэн бичиг ч өгөөгүй. Мөн УИХ-ын гишүүдийг дарамталж буй нь ч үнэн. 1939 он шиг хилс хэргээр намайг хэлмэгдүүлчихгүй бол би 100 хувь өөртөө итгэлтэй байна" хэмээн мэдэгдлээ.


АТГ-аас хийсэн мэдээллийг Энд дарж уншина уу.