УИХ-ын даргыг огцруулах нэмэлт заалт бүхий хуулийг өнгөрсөн долоо хоногт баталж, энэ сарын 25-наас эхлэн мөрдөхөөр болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагаас УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буй юм.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр мэдээллийн үеэр "Жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг уриалсан хүмүүс ямар нэгэн албан тушаалд очих нь зохисгүй. Албан тушаал гэдэгт би зөвхөн УИХ-ын даргыг хамаатуулж хэлж байгаа юм биш. Үүнд шинээр томилогдох хоёр сайд, цаашид томилогдох УИХ-ын байнгын хороодын дарга нарын асуудлыг оролцуулж хэлж байна..

Дандаа тохироонд орж, албан тушаалаас болж ард нийтийн итгэлийг алдсан байдлаар явсан цаг хугацааг бид дуусгах ёстой. Өмнөх Засгийн газруудаас тухайн үед нь надад санал ирж байсан. 

Гэхдээ биднээс, ялангуяа нэг удаа сонгогдсон УИХ-ын залуу гишүүдээс нийгмийн хүсэж байгаа зүйл нь нөлөөллийн үүргээ эрхэм хүндтэйгээр биелүүл гэж байгаа юм. Энэ нь хууль санаачлах, зэрэг УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, олон нийтийн төлөөлөл болж ажилла гэсэн үг. Иргэдээ төлөөлдөггүй төлөөллөөс болж арга буюу ийм шийдвэрт хүрч байгаа. Төлөөлөл бүхэн төлөөлдөг байх юм бол гүйцэтгэх засаглалд ажиллана гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. 

Гэхдээ энэ соёлыг шинээр хийхийн тулд бид ямар ч албан тушаалд очихгүй. Бидэнд итгэлтэй байж болно гэдгийг албан ёсоор хэлж байна" хэмээлээ.