УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төсөл өнөөдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэн ёсоор болгоно гэж хуульд заасны дагуу өнөөдөр нэр бүхий 39 гишүүн тогтоолын төсөлд гарын үсэг зурж, өргөн барилаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа орон нутагт ажиллаж байгаа учир үдээс хойш өөрөө албан бичгээр өгнө гэсэн. Ингээд 40 гишүүн болж байна. 

Үүнийг нэн яаралтай дэгээр хэлэлцэх хууль баталсан. Сая бид УИХ-ын дарга М.Энхболдод тогтоолын төсөл өргөн барихдаа өнөөдрийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөөч. Нийгмийн хүлээлт их байна гэж хэлсэн. Гэвч заавал ирэх мягмар гараг хүртэл хүлээх нөхцөл байдал үүсч байна гэдгийг хэллээ. Тиймээс бид чуулган руу  яаралтай орж, горимын санал гаргаж, даргын зөвлөлийг хуралдуулах нөхцөл үүслээ. Хоёр удаа жагсаал болж, 40 орчим УИХ-ын гишүүн 40 орчим хоног УИХ-аа бойкотлож байж энэ түвшинд хүрч байхад заавал 2 хоног авч байгаа улс төрийн энэ шийдвэрийг бид ойлгохгүй байна. Тиймээс шаардлагатай бол УИХ-ын өнөөдрийн чуулганыг бойкотлохоос өөр аргагүй болоод байна. 

УИХ-ын чуулганаас гарч ирээд эргэн мэдээлэл хийх болно" хэмээн мэдэгдлээ.