Өнөөдрийг жагсаалыг удирдаж байгаа УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан юм. Энэ үеэр М.Энхболд тэдэнд өөрийн ажлыг тайлагнасан 30 хуудас бүхий тайланг өгч, огцрох шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа тайлбарлалаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

Ардчилсан намын С.Эрдэнэ дарга болон хэд хэдэн хүмүүс өдөөн хатгалга хийх гэж байгааг хэллээ. МАНАН бүлэглэлийнхэн өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахын төлөө ямар ч үйлдэл хийж мэднэ. Өнөөдөр би нэг зүйл ойлголоо. М.Энхболдод монгол хүний уужим тэнүүн сэтгэл алга. Энэ хүнд Монгол улсын язгаар эрх ашиг хамаагүй юм байна. Хүйтэн хонгио шиг, төмөр зүрхтэй хүн юм байна. Ийм төрийн зүтгэлтэн Монголд дахин битгий төрөөсэй. Түүнд талбайд зогсож байгаа хүмүүс, тэдний зорилго ямар ч хамаагүй бололтой. Надад төрийн хамгаалалт, эрх мэдэл байгаа, хэрвээ чирч гаргаж хууль бус үйлдэл хийхгүй л бол гэсэн байдалтай байна лээ. Энэ нөхцөл байдалд, ажлаасаа буухгүй гэдгээ хэлсэн учир бид УИХ-ын гишүүд бид манлайлан 40-50 гэр барьж суулт хийхээс аргагүй болж байна. Иргэд та бүхэн гэр барих ажилд тусалж, гарын үсэг цуглуулах ажилд идэвхтэй оролцоорой.