КАИР. /ABC/. Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн нас барсан шалтгааныг бие даан мөрдөн шалгахыг НҮБ уриалсан байна.


67 настай М.Мурси даваа гарагт шүүхийн танхимд ухаан алдсаны дараа нас барсан юм. Египетийн ардчилсан зарчмаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч болсон түүнийг 2013 онд албан тушаалаас нь цэргийн хүчээр түлхэн унагажээ.


Ерөнхийлөгч асны ар гэрийнхэн шоронгийн эмчилгээний талаар удаа дараа гомдол мэдүүлсээр иржээ. Мөн М.Мурсиг төрсөн нутагт нь оршуулах хүсэлтийг эрх баригчид хүлээж авахаас татгалзаж, түүнийг мягмар гарагийн өглөө Каир хотын зүүн хэсэгт оршуулсан байна.


“М.Мурсигийн баривчилгаанд байсан үеийн нөхцөл зэрэг түүний нас барсан шалтгаантай холбогдох чиглэлээр бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй гэж бид үзэж байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын хэвлэлийн төлөөлөгч Руперт Колвилл мэдэгджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг