МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товлосон ч хурал нь эхлээгүй байна. Удирдах зөвлөлийн хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааныг хийхээр товложээ. Бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөртөө багтаж болно гэж эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад Төрийн ордоны хамгаалалтын алба парламентын сэтгүүлчдэд өнөөдөр сургалт өгч байна. Өмнө нь Төрийн ордонд болсон МАН-ын бүлгийн хаалттай хуралдааны үеэр сэтгүүлчидтэй холбоотой асуудал хэд хэдэн удаа гарч байсан юм. Сэтгүүлчдийн парламентын үйл ажиллагаа сурвалжлах мандатыг нь хураах хүртэл алхам хийж байсан Төрийн ордоны хамгаалалтын алба энэ удаа урьдчилж мэдээлэл, сануулга өгөх шийд гаргасан гэх мэдээлэл байна.

Удирдах зөвлөлийн хурлын хэлэлцэх гол асуудал Бага хурлын тов юм. Бага хурал ойрын өдрүүдэд хуралдаж шинээр бүрэлдэх Засгийн газрын танхимын бүтэц бүрэлдэхүүнийг ярих учиртай. Бүтцийг тохирсны дараа ирэх долоо хоногт ээлжит бус чуулган болно гэсэн мэдээлэл байна.

Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна”гэж заасан нь бий. Тэгэхээр хуулиараа Засгийн газар унаснаас хойш сарын дотор УИХ шинэ засгийн бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж батламжлах ёстой.

МАН-ын дүрмээр бол Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрийг тогтож, бүлгийн хурал дээр гишүүдийн олонхиор дэмжлэг хүлээж байж чуулганы хуралдаанд орно. Энэ удаагийн засгийн бүтцийн тухайд намын шинэ даргын томилгооноос хамаарах онцлог бий. МАН-ын даргын асуудал Их хурлаар яригдах учиртай. Ойрын өдрүүдэд хуралдахаар яригдаж буй Бага хурал Их хурлын товыг зарлах юм. Их хурлын товыг 45 хоногийн өмнө зарласан байх ёстой гэсэн заалт МАН-ын дүрэмд тов тодорхой дурайж байгаа. Товчхондоо хуульд заасан 30 хоног, намын дүрэмд заасан 45 хоног цаг хугацааны хувьд зөрүү үүсгэж байна.

УИХ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд баталж чадахгүй бол тарах асуудал яригдана. Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйл “Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” гэсэн тодотголтой.31.1.3-т “Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон”, 31.1.4-т “Энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан” тохиолдолд УИХ тарна гэсэн хуулийн заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилгэж байгаа. Тэгэхээр энэ УИХ Засгийн газрын асуудлыг хугацаанд нь шийдвэрлэж амжихгүй бол Ерөнхийлөгчийн зарлигаар тарах үндэслэл хуульд байна.